Санхүүгийн тайланд итгэл үзүүлэх шаардлагыг 13 байгууллага хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-01-29 15:30:41
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “Санхүүгийн тайлангийн аудитад итгэл үзүүлэх журам”-ын шаардлага хангасан байгууллагуудад Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалаар 2019 оны санхүүгийн тайланд итгэл үзүүлэх "Итгэмжлэл”-ийг аймгийн Аудитын газраас гардууллаа.

Өнгөрсөн жил Дундговь аймгийн ОБГ, Зэвсэгт хүчний 278 дугаар анги, Сум дундын ойн анги гээд 13 байгууллага хамт олон “Санхүүгийн тайлангийн аудитад итгэл үзүүлэх журам”-ын шаардлага хангасан байгууллагаар шалгарч байсан ба энэ жил мөн 13 байгууллага энэхүү шаардлагыг хангасан байна. 

Аймгийн Төрийн аудитын газраас жил бүр аймгийн хэмжээнд төрийн болон төрийн өмчит  бүх байгууллагын санхүүгийн тайланд аудит хийж, баталгаажуулдаг бөгөөд сүүлийн гурван жил дараалан санхүүгийн зөрчилгүй гарсан, дарга, нягтлан бодогч нь тогтвортой ажилласан байгууллагуудад ийнхүү илтгэмжлэл гардуулж, санхүүгийн тайланд нь итгэл үзүүлдэг ажээ.

Ийнхүү “Санхүүгийн тайлангийн аудитад итгэл үзүүлэх журам”-ын шаардлага хангасан аймгийн Прокурорын газар, Статистикийн хэлтэс, ШША, Зооноз өвчин судлалын төв, Уламжлалт анагаах ухааны төв, Сайнцагаан сумын 7-р цэцэрлэг, Өлзийт мандал өрхийн Эрүүл мэндийн төв, ГХБХБГ, Цагдаагийн газарт 2019 оны санхүүгийн тайланд итгэл үзүүлэх "Итгэмжлэл”-ийг Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор П.Төвсанаа гардуулж, гаргасан амжилтаа улам баталгаажуулан ажиллахыг хүсчээ.

Холбоотой мэдээ