Дэлхийн эдийн засгийн чуулган эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2020-01-21 16:08:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн эдийн засгийн чуулган Швейцарын Холбооны Улсын Давос хотноо өнөөдөр эхэллээ.


Уг чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож буй юм. Тэрбээр чуулганы "Евразийн шинэ хэтийн төлөв - Тогтвортой хөгжлийн төлөөх түншлэл", "Уялдаа холбоо бүхий тогтвортой дэлхий ертөнцийг цогцлоох нь" сэдэвт уулзалтад оролцож үг хэлэхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн Бүгд Найрамдах Азербайжан Улс, Нидерландын Хаант Улсын төр, засгийн тэргүүнүүд, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагын ерөнхийлөгч нартай хоёр талын уулзах юм.


50 дахь удаагаа болж буй энэхүү чуулган энэ сарын 24-нийг дуустал үргэлжлэх бөгөөд улс орнуудаас нийт 3000 гаруй зочид төлөөлөгч оролцож, экологи, эдийн засаг, технологи, нийгэм, геополитик, аж үйлдвэр гэсэн зургаан үндсэн сэдвээр хэлэлцэнэ.


Чуулган өндөрлөсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч  Х.Баттулга Норвегийн Хаант Улсад айлчилна.

Холбоотой мэдээ