“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг 2021-2030 онд хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-01-09 17:50:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг шинэчлэн боловсруулсан төслийг танилцуулах хэлэлцүүлэг зохион байгуулав.


Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд эрчим хүч болон дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Улаанбаатар, дагуул хотууд, Хот байгуулалт, Бүсчилсэн хөгжил ба хөдөө орон нутаг, дэд бүтцийн хөгжил, Аж үйлдвэржилт гэсэн үндсэн таван чиглэлд 20 зорилт дэвшүүлжээ. Улсын хэмжээнд бүтээн байгуулалтыг өрнүүлснээр хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэх, хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийг ажлын байраар хангаж, эдийн засаг, нийгмийн бэрхшээлтэй асуудлуудыг цогцоор шийдэх, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад энэхүү хөтөлбөрийн үндсэн зорилго оршиж байгааг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан танилцуулгадаа дурдав.


Уг хөтөлбөрийг 2021-2030 онд хэрэгжүүлэхэд нийт 66 их наяд 968.9 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 10 их наяд 550.6 тэрбум төгрөг, гадаад зээл тусламжийн хөрөнгөөр 24 их наяд 510.6 тэрбум төгрөг, төр хувийн хэвшлийн түншлэлээр 8 их наяд 793.8 тэрбум төгрөг, хувийн хөрөнгө оруулалтаар 21 их наяд 828.5 тэрбум төгрөг, Хөгжлийн банкнаас 912.9 тэрбум төгрөг, Засгийн газрын тусгай сангаас 271.6 тэрбум төгрөг зарцуулахаар байгааг мөн онцоллоо.


Хэлэлцүүлэгт Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрт Улаанбаатар хотын хөгжлийг тусгасан байдал”, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрт орон нутгийн хөгжлийг тусгасан байдал” зэрэг сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ. Мөн шинэ бүтээн байгуулалтад тусгагдсан Улаанбаатар хот метро, Сервис центр, Дагуул хаяа хот, Үндэсний тээвэр ложистикийн сүлжээ, Сумын хөгжлийн хөтөлбөр, Тэнгэрийн тойрог зэрэг томоохон төслүүдийг хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулсан юм. 


Хүн амыг эрүүл, аюулгүй орчинд амьдруулах зорилгоор “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолоор баталсан байдаг.  Энэхүү хөтөлбөр батлагдсанаас хойших 19 жилийн хугацаанд хөтөлбөрийн хүрээнд багагүй ажил хийсэн хэдий ч улс орны хөгжлийг хангах хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэх, агаарын бохирдлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг зорилт, арга хэмжээнүүд өнөөдрийг хүртэл бүрэн хангагдаагүй байна.   


Иргэдийг бухимдуулж байгаа замын түгжрэл, агаарын бохирдол, 21 аймаг, боомтуудыг хатуу хучилттай замаар холбох, гэр хорооллын өрхүүдийг орон сууцжуулах зэрэг тулгамдсан олон асуудлыг шийдэхээр уг хөтөлбөрт тусгасан ч бодит байдал дээр огт хэрэгжээгүй байгаад анхаарах ёстойг хэлэлцүүлэгт оролцогчид хөндсөн юм. Мөн шинээр боловсруулсан хөтөлбөрийг тунхаглал төдий үлдээхгүй, ажил хэрэг болгох хэрэгтэйг сануулж байв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын хоорондын уялдаа, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай байгааг ч хөндөж байлаа.

Холбоотой мэдээ