Угаарын хий мэдрэгч түгээх ажлыг удаашруулбал хариуцлага тооцно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-01-08 18:30:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сайжруулсан түлшний борлуулалтын урамшуулал, тээвэрлэлтийн санхүүжилт болон угаарын хий мэдрэгчийн талаар Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Х.Галымбек өнөөдөр болсон Нийслэлийн Онцгой комиссын хуралдаан дээр мэдээлэв.

Тэрбээр, “Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд 200 мянган өрхөд нэг удаа үнэ төлбөргүйгээр угаарын хий мэдрэгч  суурилуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Эхний ээлжинд ирсэн угаарын хий мэдрэгчийг Стандарт хэмжилзүйн газарт бүртгэлжүүлж дуусаад байна" гэв.

Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан угаарын хий  мэдрэгч түгээх ажлыг удаашруулсан, эрхэлсэн ажилдаа хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцохыг НЗДТГ-ын дарга Р.Батрагчаад үүрэг болголоо.

Улаанбаатар хотод онцгой дэглэм тогтоон ажиллаж байгаа энэ үед комиссын гишүүдийг хариуцлагатай ажиллахыг үүрэг болгоод, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хөдөлгөөнт эргүүлийг ирэх дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл сунгав. Мөн утаа мэдрэгчийг өрх бүрт суурилуулж, ажиллуулах заавар зөвлөмж тараахыг дүүрэг хороодын Засаг дарга нар болон Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газарт даалгалаа.

Холбоотой мэдээ