Төсвөөр гүйцэтгэж буй геологийн судалгаа дутуу хийгдэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2019-12-16 16:24:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй геологийн судалгааны ажлын чанар ба үр дүн” хэлэлцүүлэг ШУТИС-ийн төв номын санд өнөөдөр боллоо.

Хэлэлцүүлгийг УУХҮЯ-ны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мөнхтөр нээж, “Би энэ удаа 6 дахь удаагийн хэлэлцүүлгийг хийж байна. Өмнөх хэлэлцүүлгээс гарсан шийдэл, зөвлөмж дээр тулгуурлан бид хэрэгжилт буюу төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй геологийн судалгааны ажлын чанар ба үр дүнг дүгнэх учиртай” гэдгийг онцолж, өнөөдрийн байдлаар төсвийн хөрөнгөөр улсын хэмжээнд 40-өөд төсөл хэрэгжиж буйг дуулгалаа.


Хэлэлцүүлгээр УУХҮЯ-ны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын геологиийн хэлтсийн шинжээч Х.Санчигдорж “Төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй геологийн судалгааны ажлын өнөөгийн байдал, цаашдын хандлага”, АМГТГ-ын Геологи, хайгуулын хэлтсийн Геологийн зураглал, сэдэвчилсэн судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн С.Батмөнх “Төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй геологийн судалгааны ажлын гүйцэтгэл, хяналт”-ын талаар тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.


Өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгө 24.6 тэрбум төгрөгөөр 43 төслийг санхүүжүүлжээ. Үүнээс 17 төслийг энэ онд хэрэгжүүлсэн байна. Гэвч тухайн жилд төлөвлсөн ажлуудыг бүрэн 100 хувь гүйцэтгэж чадахгүй байгаагаас төсвийг буцаан шилжүүлж буйг хэлэлцүүлгийн үеэр хөндөж байлаа. Энэ нь төсөвлөсөн хөрөнгө хугацаандаа орж ирдэггүй, хагас дутуу гүйцэтгэснээс чанаргүй, хоцорч байгааг тэмдэглэж байв. Тиймээс геологийн судалгааны ажилтай холбоотой дүрэм журмыг нарийвчлан шинэчлэх шаардлагатай байгааг мөн хөндөж байв.



Тодруулга: Геологийн судалгааны ажилд зарцуулах улсын төсөв 2009 онд 2 тэрбум төгрөг байсан бол 2016 онд 9.3, 2017 онд 13.3, 2018 онд 13.3, 2019 онд 24.6 тэрбум төгрөгт хүрсэн. Цаашид төр, засгаас геологийн судалгаа, эрлийн ажилд оруулах улсын төсвийн хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгах, эрс нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм.

 

Б.Болд

Холбоотой мэдээ