УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-12-11 08:19:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.


УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаан 09.00 цагт хуралдаж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2020 оны төсөв, Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. Мөн “Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээр товлосон байна.


Харин Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагт эхэлж, Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциацийн “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг зөвшилцөх, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Далай ашиглах тухай, Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр товложээ.


Үдээс хойш буюу 14.00 цагт болох Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциацийн “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг зөвшилцөнө. Мөн 15.00 цагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж, Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх юм.

Холбоотой мэдээ