“Huawei”-д программ хангамж худалдахыг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-22 11:20:31

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Хятадын “Huawei” компанид программ хангамж худалдах тусгай зөвшөөрлийг АНУ-ын Худалдааны яам “Microsoft” компанид олгожээ.  


Зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг “Huawei” компанид нийлүүлэхийг Америкийн хэд хэдэн компанид олгож буй зөвшөөрлийг 2020 оны 2 дугаар сарын дундуур хүртэл сунгасан тухай АНУ-ын Худалдааны яам өмнө нь мэдэгдсэн билээ. АНУ-ын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхгүй тохиолдолд ийм нийлүүлэлт хийхийг зөвшөөрсөн байна. Энэхүү тусгай зөвшөөрлийг сунгасан нь АНУ-ын засаг захиргааны энэ онд авсан хоригт орохгүй байх боломжийг компаниудад олгож байгаа аж.  


АНУ-ын мэдээлэл-харилцаа холбооны дэд бүтцийг гадаадын аюул заналаас хамгаалах зорилгоор онц байдал тогтоох тухай зарлигт тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп тавдугаар сарын 15-нд гарын үсэг зурсан билээ. Үүнтэй холбогдуулан тус улсын Худалдааны яам “Huawei” компанийг "үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна" гэж үзэн тавдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн хар жагсаалтад оруулсан.


“Huawei” болон Хятадын “ZTE” компанид үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг ашиглахыг АНУ-ын Засгийн газрын байгууллагад хориглосон захирамжид Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн оны 8 дугаар сард гарын үсэг зурсан юм. АНУ-ын эрх баригчдын энэхүү шийдвэрийг эрхэнд нь халдсан хэмээн үзэж байгаагаа “Huawei” компанийн төлөөлөгчид илэрхийлсэн юм. 

Холбоотой мэдээ