Ерөнхийлөгч Х.Баттулгад “Токио олимп” сангийн цомыг гардууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-11-08 13:25:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Токио олимп” сангийн цом, цом аялуулах удирдамжийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр гардууллаа.


2020 оны зуны олимп, паралимпын наадамд бэлтгэх Үндэсний хорооны тогтоолоор үндэсний шигшээ багийн тамирчдыг дэмжих, бэлтгэл сургуулилтыг чанартай явуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Токио олимп” сан ажиллаж байна. Ерөнхий сайдын нэрэмжит тус цомыг уламжлал ёсоор 21 аймаг, есөн дүүргийн Засаг даргад гардуулан, орон даяар аялуулж байсан бол энэ жил анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын даргад гардуулахаар болсон юм.



Цом гардуулах үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга удахгүй болох зуны олимпын наадамд оролцох эрхийг илүү олон тамирчин авч, амжилтаа ахиулан оролцохыг хүсэн ерөөв.


Өнөөдрийн байдлаар Үндэсний шигшээ багийн 8 тамирчин олимп, паралимпын буудлага, хөнгөн атлетик, пара таеквондо, пара буудлага, пара пауэрлифтинг зэрэг төрөлд өрсөлдөх эрхээ аваад байна. Мөн багийн спортын төрлөөр анх удаа 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг Токиогийн олимпод оролцох эрхээ авсан билээ.

Холбоотой мэдээ