Мүн Жэ Ин ОАНА-гийн гишүүн агентлагуудын төлөөлөгчидтэй уулзжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-11-07 19:39:51

СӨҮЛ. /Yonhap/. Пүрэв гарагт БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Ази-Номхон далайн орнуудын мэдээллийн агентлагуудын дарга нартай уулзаж, Солонгосын хойгт энх тайвныг цогцлоох үйл явцад үргэлжлүүлэн анхаарлаа хандуулж, дэмжихийг хүссэн байна. Тэрбээр Ази-Номхон далайн орнуудын мэдээллийн агентлагуудын /ОАНА/ 17 дугаар Ерөнхий Ассамблейд оролцож буй 28 орны 32 мэдээллийн агентлагийн төлөөлөгчидтэй уулзжээ.


2018 онд болсон Пёнчаны Өвлийн Олимпоос хойш энх тайвныг цогцлоох чиглэлд ихээхэн ахиц дэвшил гарч, хоёр Солонгосын удирдагчид өнгөрсөн онд гурван удаа уулзаж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын хилийг давж, тус улсын удирдагч Ким Жөн Унтай Панмүнжом тосгонд уулзсаныг БНСУ-ын Ерөнхийлөгч онцолсон байна.


"Үр дүнд хүрэхэд олон саад бэрхшээл бий хэдий ч бид зөвхөн Солонгост төдийгүй Зүүн Азид мөн дэлхий дахинд энх тайвныг цогцлоох ёстой. Энх тайвныг тогтоох шинэ түүхийг бүтээхэд та бүхний дэмжлэг ихээхэн хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна" гэж Мүн Жэ Ин хэлжээ. 


ОАНА-гийн тэргүүн Аслан Асланов, энэ долоо хоногт Сөүл хотноо зохион байгуулж буй хурлыг “Сэтгүүл зүйн шинэ сорилтууд: Технологийн инновац ба Итгэлцлийн асуудлууд” сэдвийн хүрээн зохион байгуулж буйг дурдаад, мэдээллийн технологийн салбар өндөр хөгжсөн БНСУ-д уг асуудлыг хэлэлцэж буйг маш оновчтой явдал хэмээн хэлсэн байна.


“Баасан гарагт Ерөнхий Ассамблейн төгсгөлд ОАНА-гийн гишүүн агентлагууд “Сөүлийн тунхаглал-2019”-ийг батлах бөгөөд үүнд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, энх тайвныг цогцлооход идэвхтэй дэмжлэг үзүүлэхээ нотолно” гэж “Yonhap” агентлагийн тэргүүн Чо Сун Бо хэлжээ.


НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын /ЮНЕСКО/ санаачилгаар 1961 онд байгуулагдсан ОАНА нь бүс нутгийн мэдээллийн харилцан солилцоог хөгжүүлэх зорилготой бөгөөд Ерөнхий Ассамблейг гурван жил тутам зохион байгуулдаг юм. Уг байгууллагад Ази-Номхон далайн 35 орны 45 мэдээллийн агентлаг гишүүнээр элссэн байна. 

Холбоотой мэдээ