Нөмрөг сумын 1500 гаруй иргэн эрүүл мэндийн үзлэгт хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-11-04 12:03:58

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Нөмрөг суманд 70 гаруй эмчийн бүрэлдэхүүнтэй хамтарсан баг эрүүл мэндийн үзлэг, оношилгоо шинжилгээг хоёр өдрийн турш цогцоор нь явуулж 1500 гаруй хүн хамрагджээ.

Харин 256 хүүхэд эмчийн үзлэгт хамрагдаж зөвлөгөө авч оношилгоо хийлгэжээ. Эрүүл мэндийн үзлэгээр анхан шатны үзлэг болоод рентген аппаратаар цээжний хөндийн эмгэг илрүүлэх, эхо-гоор дотор эрхтнүүдийг нэг бүрчлэн үзэх, эмэгтэйчүүдийн эхо, зүрхний цахилгаан бичлэг, сахар тодорхойлох, нүд чих, хамар хоолойн үзлэг, лабораторийн шинжилгээ, гэмтэл, мэс засал, арьс харшил, хүүхдийн үзлэг гэх мэт олон үйлчилгээг нэг дор үзүүлжээ. Нарийн мэргэжлийн буюу гуравдугаар шатлалын үзлэгийг хийж байгаа болохоор тус сумын иргэд ам сайтай, дээр нь хамрагдалт ихтэй байлаа. 

Цаг агаар тогтуун цас хургүй энэ өдрүүдэд алслагдсан багийн айл өрхийн иргэдээ ч авчирч үзлэгт бүрэн хамруулж чадлаа. Ийнхүү сумын иргэд нийслэл рүү цаг хугацаа алдаж, санхүү мөнгө үрэх шаардлагагүй болж, сумандаа нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх боломж нээгдэж байгаад иргэд талархалтай хандаж байна. Хөдөөгийн суманд гуравдугаар шатлалын үзлэг хийж, аливаа өвчнийг эрт илрүүлэх, эрт оношилж, урьдчилан сэргийлнэ гэдэг нь эрүүл мэндийн салбарын хувьд том ололт амжилт юм. Нөгөө талаар төр засгийн, эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд илүү ойр хүртээмжтэй болж байгаа нь олзуурхууштай. Завхан аймаг энэхүү халдварт болон халдварт бус өвчний үзлэг шинжилгээг 24 сумандаа хэрэгжүүлэх бөгөөд анхных нь ийнхүү Нөмрөг сумаас эхэлж байна.

Ташрамд дуулгахад, тус суманд Эрүүл мэндийн яам болон Глобал сангийн дэмжлэгтэй төслийн мэргэжилтэн Б.Гансүх, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ХӨСҮТ-ийн Оношзүйн тасгийн эрхлэгч Ч.Хүрэлбаатар, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга Д.Бадмаагаар ахлуулсан эмч нарын баг, Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар, ЭМГ, Нийгмийн эрүүл мэндийн төв, Түдэвтэй, Баянтэс, Тосонцэнгэл сумын эмч нарын хамтарсан “Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг оношилгоо”-г хоёр өдөр амжилттай зохион байгууллаа. 


Уралдаант тэмцээнээр дамжуулан эрүүл мэндийн зөвлөгөөг өглөө

НЭМТ-өөс Нөмрөг сумын иргэдэд хандсан эрүүл ахуйн чиглэлээрх сургалтыг энэ үеэр зохион байгуулав.

Аймгийн Нийгмийн эрүүл мэндийн төвөөс иргэдэд зориулсан эрүүл мэндийн хэв маягийг төлөвшүүлэх сургалтыг хоёр өдрийн турш 900 гаруй хүнд зохион байгуулжээ. Сургалтаар усны ариун цэвэр, эрүүл ахуйн талаарх зөвлөгөө, хуванцар савны хор хөнөөл ямар байдаг талаар малчдад хандсан сургалтыг өгчээ.

Түүнчлэн иргэдийн дунд эрүүл гэр бүлийг шалгаруулж “Алтан хонх” тэмцээнийг амжилттай зохион байгуулсан бол иргэд, хүүхдүүдийн дунд эрүүл мэндийн мэдлэгийг нь сорих “АХА” тэмцээнийг ч зохион байгуулж уралдаант тэмцээнээр дамжуулан эрүүл мэндийн анхан шатны мэдлэгийг олгожээ. 

Эрүүл мэнд гэдэг энгийнээр хэлбэл айл гэрийн аз жаргал байдаг. Хүн бүр эрүүл өвдөхгүй байвал айл гэр амар амгалан байна. Тиймээс эрүүл мэндийнхээ төлөө анхаарал хандуулж эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгтээ идэвхтэй хамрагдахыг зохион байгуулагчдын зүгээс сумын иргэдэд энэ үеэр уриаллаа хэмээн Завхан аймгийн Эрүүл мэндийн газраас тус тус мэдээлэл өглөө. 


Холбоотой мэдээ