Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-10-19 12:20:11

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэргэд "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв" байгуулж энэ сарын 18-нд нээлтээ хийлээ.

“Тус загвар төв нь хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж байгаа залуучууд, ялангуяа дөнгөж сургууль төгссөн, ажлын туршлага бага залуучуудыг идэвхжүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн хэд хэдэн шинэлэг үйлчилгээ, арга хэрэгслийг нэвтрүүлнэ. Тухайлбал ажил хийж буй залуу хүний хөдөлмөр эрхлэх чадварыг нь үнэлж, улмаар тухайн хүний онцлогт тохируулан хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөөг боловсруулах юм. Мөн залуучууд хоорондын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор бүлгийн модуль сургалтыг дөрвөн 7 хоногийн хугацаатай хэрэгжүүлэх бөгөөд энэ явцад ажил хайгч залуу өөрийгөө илүү танин мэдэх, ажил олгогчтой холбоо тогтоох, ярилцлагад амжилттай орох ур чадвар, чадамжаа хөгжүүлэх боломжтой” гэдгийг Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга  Б.Эрдэнэхуяг хэлж байв.

Тус төвд Швейцарын Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр GFA Консалтинг группын хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөс 26 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж төвд шаардлагатай тавилга, тоног төхөөрөмжийг нийлүүлжээ.

 

Холбоотой мэдээ