Алжир Улсын Гадаад хэргийн яамтай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-09-30 08:35:20
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсын Гадаад хэргийн сайд Сабри Букадумтай уулзлаа.


Уулзалтаар хоёр талын харилцааг шинэ түвшинд бэхжүүлэх, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцож, “Улс төрийн зөвлөлдөх уулзалтын механизм байгуулах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсын Гадаад хэргийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улс хооронд улс төрийн зөвлөлдөх уулзалтыг тогтмол зохион байгуулах боломж бүрдэж байна.


Алжир Улс нь газрын тосны нөөцөөрөө дэлхийд 15-д ордог. Монгол Улс газрын тос боловсруулах анхны үйлдвэрээ байгуулахаар ажиллаж байгаагийн хувьд, тус улсаас туршлага судлах, боловсон хүчнээ бэлтгэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах боломжийн талаар мөн санал солилцжээ.

Холбоотой мэдээ