Тайваньд шүд угаалтын тэмцээнд оролцох тамирчдад төрийн далбаа гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-09-28 12:24:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Шүдний мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн Т.Учрал Монгол Улсаа төлөөлөн Тайваньд болох шүд угаалтын тэмцээнд оролцох тамирчдад төрийн далбаа гардууллаа.

Монгол, Тайванийн Шүдний эмч нарын нийгэмлэг хамтран ажиллаад 20 орчим жил болж байна. Энэ хугацаанд эмч, эмнэлгийн ажилтныг сургаж чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллаж байгаа аж. Тус нийгэмлэг өнгөрсөн жил шүд угаалтын тэмцээн зохион байгуулж, Монголын Шүдний мэргэжилтнүүдийн холбоо, Нийслэлийн Шүд эрүү нүүрний төвийнхнийг урьж оролцуулан туршлага судлуулсан юм.

Энэ удаа Тайваньд уригдан тэмцээнд оролцох найман сурагч энэ оны 5-р сарын 30-ны өдөр “Монгол Улсын шүд угаалтын анхдугаар олимпиад”-ын тэргүүн байр эзэлсэн баг юм.

Монголын Шүдний мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн Т.Учрал хэлэхдээ, “Хүүхэд багачуудын амны хөндийн эрүүл ахуйг сахин хамгаалах нь үндэсний хэмжээний тулгамдсан асуудал билээ. 2018 онд Монгол Улсын Засгийн газар “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Тайванийн Шүдний эмч нарын холбоо нь шүд угаалтын тэмцээнийг Монголд зохион байгуулах санаачилга дэвшүүлсэн нь цаг үеэ олсон явдал бөгөөд цаашид хүүхдийн шүдний өвчлөлийг амжилттай бууруулж чадна гэж найдаж байна” гэв.

Тайваниас Монголд суугаа төлөөлөгчийн газрын дэд төлөөлөгч Жой ЯньМонголын баг энэ удаагийн тэмцээнд амжилт гаргаж, тэмцээнээр дамжуулан амны хөндийн эрүүл ахуйн талаарх зөв ойлголттой болно гэдэгт найдаж байна гээд багийн гишүүдийг цаашид тогтмол шүдээ цэвэрлэх дадалтай байхыг хүсээд, ингэснээр гэр бүл, найз нөхөддөө эергээр нөлөөлж, Монголын нийгмийн амны хөндийн эрүүл мэндийн бяцхан хошуучлагчид болно гэж итгэж буйгаа илэрхийллээ.


Тэмцээнд оролцохоор Тайванийг зорьж буй бяцхан тамирчиддаа ЭМЯ, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Шүд эрүү нүүрний төв зэрэг байгууллагынхан амжилт хүссэн юм.

 

Холбоотой мэдээ