Хятад орон: Ажиглагчдын нүдээр

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2019-10-01 15:03:56
@ShoovdorBatbold

БНХАУ-ын дарга Си Зиньпин 2017 оны 1 дүгээр сарын 18-нд Швейцарийн Женев хотноо НҮБ-ын байранд үг хэлж буй нь.


(Синьхуа/Рао Айминь)


БЭЭЖИН /Синьхуа/. Ийм хурдацтайгаар “эдийн засгийн гайхамшиг”-т хүрсэн хөгжиж буй орон энэ дэлхийд БНХАУ-аас өөр байхгүй гэж Хятадад олон жил ажиллаж, амьдарч буй герман сэтгүүлч Мартин Куммер ярилаа.

Өдгөө 80 насыг шүргэж яваа Куммер “Синьхуа” агентлагийн сэтгүүлчтэй ярилцахдаа “Хятад улсын ард түмний аж амьдрал, техник технологи, дэд бүтэц болон засаглалын салбарт үнэхээр гайхам ололт амжилт гарсаар байна” гэв.

Куммер Хятад улсын хөгжил дэвшлийг өгүүлэх гэрэл зургуудаар хэд хэдэн удаа үзэсгэлэн гаргаад байгаа аж. Түүний нэгэн адил Хятад улсын хөгжлийн явцыг гэрэл зургийн хальснаа буулгаж, Хятад орноор аялж аяллын тэмдэглэл, нийтлэл бичдэг олон ажиглагч байна.


Өөрчлөлт шинэчлэлд хөтөлсөн нээлттэй бодлого

Куммер 1976 онд Хятадад гурван долоо хоногийн томилолтоор ирэхдээ камертаа тухайн үеийн Хятад орны дүр төрх болон ард иргэдийнх нь аж амьдралыг олон талаас буулган авсан аж. Ингэж л тэрбээр Дорнын нэгэн нууцлаг газрыг Өрнийн олон хүнд “таниулж” байжээ.

Тэр үед Хятадын ард иргэд “яг ижилхэн хар, саарал өнгийн Мао костюм” өмсдөг байсан бөгөөд ядуу тарчиг амьдралтай байсан учир тэдний хувьд одоогийнх шиг гадаад улс орнууд руу аялал зугаалгаар явна гэдэг “үлгэр байсан” гэж Куммер ярьсан юм.

Куммер 2006 онд өмнө нь аялж байсан газруудаараа явж, яг адил өнцгөөс зураг авчээ. Хятадын хот суурин газрууд “борооны дараах мөөг шиг” хурдацтайгаар хөгжсөн байхыг хараад тэрбээр үнэхээр алмайрсан гэнэ.

Шанхай хотод хоёр давхар байшин байсан газарт 400 гаруй метр өндөртэй Зинь Маогийн цамхаг хэмээх тэнгэр баганадсан барилга баригджээ. Нэгэн цагт унадаг дугуйнаас өөр тээврийн хэрэгсэл явдаггүй байсан өргөн чөлөө орчмын замаар лимузин тэргүүтэй тансаг зэрэглэлийн автомашинууд зогсоо зайгүй холхилдоно.

1949 онд байгуулагдсанаасаа хойш буюу өнгөрсөн 70 жилийн хугацаанд БНХАУ дэлхийн хоёр дахь том эдийн засаг, хамгийн том үйлдвэрлэгч, хамгийн том борлуулагч болтлоо хөгжиж дэвшсэн байна. 2018 онд тус улсын ДНБ 90 их наяд юань буюу 13.4 их наяд ам.долларт хүрсэн бөгөөд өнгөрсөн жилүүдэд тус улсын эдийн засаг жилд дунджаар 9.5 хувиар өссөн байна.

Тус улсын нэг хүнд ногдох ДНБ 2018 онд 64644 юань буюу 9624.8 ам.долларт хүрсэн нь 1949 оныхтой харьцуулахад 500 гаруй дахин өссөн үзүүлэлт юм.

БНХАУ 1978 оноос өөрчлөлт шинэчлэлийн нээлттэй бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн нь “хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аугаа эдийн засгийн ололт амжилтыг авчирсан” гэж Хятадын Ардын Их Сургуулийн Санхүү судлалын Чунъян хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Британийн иргэн Жон Росс ярив.

Өөрчлөлт шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлсний ачаар Хятад улс “өндөр чанартай” хөгжлийн замаар замнаж байна.

Олон талт худалдааг эсэргүүцэх, протекционизм буюу гаалийн татвараар дамжуулан худалдааг ивээх бодлого дэлхийн зах зээлд газар авсаар буй энэ цаг үед БНХАУ гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль баталж, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх, тогтвортой, ил тод бөгөөд шударга зах зээлийн орчныг бүрдүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх замаар бизнесийн орчноо илүү оновчтой болгож байна.

Эдийн засгийн үр өгөөжийг үндсэндээ хүмүүн капиталын зах зээлийн үзүүлэлтүүд болон зах зээлд гаргаж ирж буй шинэ санал санаачилгуудаар тодорхойлдог бөгөөд “БНХАУ нь дэлхийн үйлдвэрлэлийн төв болоод зогсохгүй бүтээлч байдал, инновацийн гол эх сурвалж болох болно” гэж эдийн засгийн салбарын Нобелийн шагналтан агсан Рональд Коуз нэгэн номондоо бичсэн байна.


Ард түмэн нэгдүгээрт

БНХАУ-ын зүүн өмнөд нутгийн Фузянь мужийн Сямынийн их сургуулийн бизнесийн удирдлагын профессор, АНУ-ын иргэн Уильям Браун гэр бүлийнхэнтэйгээ Хятад улсад 30 гаруй жил ажиллаж, амьдраад байна.

1994 онд явж байсан газруудаараа буюу Хятадын далайн эрэг орчмын болон далайд гарцгүй хэдэн хэдэн хот суурин газрыг хамарсан 40 мянган км замыг энэ зун туулж, аялсан тэрбээр ярихдаа “Хятадын муж, хот болон өнцөг булан бүр өөрчлөгдөж шинэчлэгдсэн байна” гэлээ.

“Хятад улс хөдөө орон нутагтаа хүртэл шинэ технологиудыг нэвтрүүлсээр байна. Тухайлбал, тариаланчид хүртэл гар утасны аппликейшн ашиглаад цахимаар гүйлгээ хийж байна. Хятадын ард иргэдийн аж амьдрал үнэхээр эрс сайжирсан нь харагдаж байна” гэж тэрбээр ярив.

1949 онд Хятадын хүн амын дундаж наслалт 35 байсан бол 2018 онд 77 болж нэмэгджээ. Бичиг үсэгт тайлагдсан хүмүүсийн тоо нийт хүн амынх нь 80-аас дээш хувийг эзлэх болсон бөгөөд бараг гурван хүн тутмын нэг нь дунд ба түүнээс дээш түвшний боловсролын гэрчилгээтэй байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ерөнхийлөгч асан Мария Фернанда Эспиноса Гарсесын хэлснээр, Хятад улс 700 сая гаруй хүнийг ядуурлаас гарган хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аугаа гайхамшгийг бүтээгээд байгаа бөгөөд ядуурлын эсрэг тэмцлээрээ бусад улсад үлгэр жишээ үзүүлсээр байгаа билээ.

2018 оны эцсийн байдлаар Хятадын хөдөө орон нутагт амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой 16.6 сая хүн байсан бөгөөд тус улс 2020 он гэхэд ядуурлыг үндсээр нь устгахын төлөө чадах бүхнээ хийж байна.

“Хятад улс нийгэм, эдийн засгийн салбарт гайхамшигтай ололт амжилтуудыг гаргаад байгаа хэдий ч өнөө хэр нь тус улсын өмнө дотоод болон гадаадын олон сорилт тулгарч байна. Гэхдээ Хятадын ард түмэн болон удирдагчид хөгжил цэцэглэлтийн төлөө эдгээр сорилтын эсрэг хүчээ нэгтгэн зүтгэсээр байгаа нь гайхалтай” гэж Кэмбрижийн их сургуулийн Хөгжил судлалын төвийн захирал Петер Нолан долдугаар сард Испанийн “Ребеллион” цахим хуудаст нийтлүүлсэн нэгэн нийтлэлдээ бичсэн байна.


Дэлхий нийтэд хөгжлийн боломжуудыг санал болгож байна

Дотоодынх нь хөгжилд ихээхэн ахиц дэвшил гарахын хэрээр БНХАУ их гүрний хувьд үүрэг хариуцлагаа ухамсарлан энэ дэлхийг бүхэлд нь илүү сайн сайхан болгохын төлөө хүчин чармайлт гаргасаар байна.

БНХАУ-ын дарга Си Зиньпин 2017 онд Швейцарийн Женев хотноо НҮБ-ын байранд үг хэлэхдээ “Бид харилцан ашигтай хамтран ажиллах зарчмыг хэзээд баримталж, хөгжлийн боломжуудыг бусад улс оронтой хуваалцсаар байх болно. Дэлхий дахиныг Хятадын хөгжлийн хурдны галт тэргэнд суухыг урьж байна” гэсэн юм.

1997 оны Азийн санхүүгийн хямрал болон 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын үеэр ч Хятад улс дэлхийн эдийн засгийн гол тогтворжуулагч бөгөөд хөдөлгүүр хэвээр байсан билээ. Тус улс олон жил дараалан дэлхийн эдийн засгийн өсөлтийн 30 орчим хувийг дангаараа бүрдүүлээд байна.

Дэлхий дахинд газар авч буй олон талт худалдааг эсэргүүцэх хандлагыг тус улс сөрөн зогсож, дэлхийн үйлдвэрлэлд гол үүрэг гүйцэтгэж, зах зээлээ гадаадын хөрөнгө оруулагчдад улам бүр нээлттэй болгож, дэлхийн эдийн засагт шинэ эрч хүчийг “тарьсаар” байна.

Үүний зэрэгцээ Хятад улс дэлхий дахинд урт хугацааны энх тайван, хөгжил цэцэглэлтийг бий болгохын тулд үр өгөөжтэй дэлхийн хэмжээний засаглалыг цогцлоохыг эрмэлзэж байна.

Дэлхийн хөгжилд болон нийт хүн төрөлхтөнд оруулж буй аливаа улсын хувь нэмэр нь зөвхөн материаллаг зүйлсээр бус хэр оновчтой санал санаачилгууд гаргаж буйгаар хэмжигдэнэ гэж Грекийн Ерөнхийлөгч Прокопис Павлопулос энэ оны тавдугаар сард Хятад улсад төрийн айлчлал хийх үеэрээ хэлж байв.

Кэмбрижийн их сургуулийн улс төр, олон улс судлалын ахлах мэргэжилтэн Мартин Жак хэлэхдээ “Хятад улс дэлхий дахинд хөгжлийн “шинэ боломжууд”-ыг санал болгож байна. Тус улс “ширэнгийн хууль”, их гүрний дээрэнгүй үзэл болон эрх мэдлийн төлөөх улс төрөөс эрс татгалзаж, харилцан ашигтай хамтран ажиллах, байгаагаа хуваалцах зарчмыг баримталж байна” гэлээ.

Хятадын ард түмний өгөөмөр бөгөөд элэгсэг дотно зан нь Хятадад олон жил ажиллаж, амьдарч буй Германы сэтгүүлч Куммерын сэтгэлийг хамгийн их хөдөлгөдөг аж.

“Миний хятад найзуудын тоо нэмэгдсээр байгаа. Энэ улсад ажиллаж, ийм өгөөмөр бөгөөд элэгсэг дотно ард түмэнтэй нөхөрлөх завшаан тохиосон нь миний хувьд “маш том хувь тохиол” юм” гэж Куммер ярьсан юм.

Холбоотой мэдээ