Б.Ууганцэцэг "Дэлхийн үсчин, гоо засалчдын аварга шалгаруулах тэмцээн"-ээс мөнгөн медаль хүртжээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-09-23 21:47:04

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын уугуул, гуравдугаар зэрэгтэй үсчин Б.Ууганцэцэг "Дэлхийн үсчин, гоо засалчдын аварга шалгаруулах тэмцээн"-ээс мөнгөн медаль хүртжээ. Түүнийг Хонгор нутагтаа ирсэн өдөр нь аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн бөгөөд уулзалтад Баянхонгор аймгийн Үсчин, гоо засалчдын холбооны гишүүд, Б.Ууганцэцэгийн аав, ээж оролцсон байна.

Францын Парис хотноо болсон тус тэмцээнд орон орны 1000 гаруй үсчин, гоо засалчид өрсөлдсөн бөгөөд Монгол Улсаас эрэгтэй 5, эмэгтэй 5 үсчин оролцсоны нэг нь Б.Ууганцэцэг. Тэрээр 2012-2013 онд Баянхонгор аймгийн Политехникийн коллежид үсчний мэргэжлээр сурч төгссөн бөгөөд Баянхонгор аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг "Цахир булаг" салонд ажилладаг аж.

Сонирхуулахад, Улсын аваргын тэмцээнд түрүүлээд дэлхийн аваргын тэмцээнд явахад нь аймгийн ЗДТГ-аас гурван сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн бол Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын харъяат, Улсын аварга малчин н.Мөнх-Эрдэнэ замын зардлын 50 хувийг ивээн тэтгэжээ.

Холбоотой мэдээ