“Мөнгү Шяоши Бао” сонины 90 жилийн ойг тэмдэглэв

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2019-09-21 13:32:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Мөнгү Шяоши Бао” буюу “Монголын мэдээ” хятад хэлээрх сонины 90 жилийн ойн баярыг өчигдөр тэмдэглэлээ.

Анх 1929 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр “Ажилчны зам” буюу өнөөгийн “Монголын мэдээ” сонин хэвлэгджээ. Тус сониныг МОНЦАМЭ агентлаг 1964 оноос хойш эрхлэн гаргаж байгаа бөгөөд Монгол Улсад хятад хэлээр хэвлэн гаргаж буй  цорын ганц хэвлэл юм. Энэхүү сонин нь Монголын хэвлэл мэдээллийн түүхэнд чухал байр суурийг эзэлсэн анхны сонины нэг төдийгүй гадаад сурталчилгааны чухал гарц байж 90 жилийн хугацаанд Монгол, Хятад хоёр улсын ард түмний найрамдалт харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн юм.


Энэхүү тэмдэглэлт баярыг нээж МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг хэлэхдээ, “Монголын мэдээ” нь анх хэвлэгдэн гарснаас хойш өнөөг хүртэл уншигчиддаа Монгол Улсын  түүх, соёл, зан заншил, ардчилсан ололт амжилт, хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, ард иргэдийн ахуй амьдрал болон Монгол оронд болж буй цаг үеийн үйл явдал, хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа зэргийг тухай бүр мэдээлсээр ирсэн юм. Эдүгээ тус сонин нь Монгол Улсын тухай мэдээ мэдээллийг сонирхон уншдаг хятад уншигчдын шимтэн унших дуртай сонин төдийгүй хятад хэл, соёлыг сонирхон суралцаж буй Монголын зуу зуун хүүхэд залуус, их дээд сургуулийн оюутнуудын талархлыг хүлээсэн сургалтын чухал гарын авлага, үнэт хэрэглэгдэхүүн болоод байна. Энэ жил дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоо тэмдэглэж буй бидний мөнхийн хөрш БНХАУ-тай найрамдалт харилцаагаа бэхжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад харилцааны тэргүүлэх чиглэл бөгөөд МОНЦАМЭ агентлаг, “Монголын мэдээ” сонин үүнд зохих хувь нэмрээ оруулж ирснийг энд зориуд цохон тэмдэглэж байна. “Монголын мэдээ” сонин нь Монгол, Хятадын ард түмний найрамдлын нэгэн гүүр болохын хувьд урьдын адил хоёр улсын найрамдалт хамтын ажиллагааны хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрийг оруулж, Монгол Улсыг гадаадад сурталчлах үйл хэрэгтээ улам их амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна” хэмээв.


“Мөнгү Шяоши Бао” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Мөнхтуул “Анх 90 жилийн өмнө  “Ажилчны зам” нэртэй гарч байсан сонин маань өдгөө Монгол орны гадаад сурталчилгааны нэгэн том цонх болтлоо өргөжин хөгжихөд үе үеийн монгол, хятад ажилчид, орчуулагч, редактор, сонины эрхлэгч нарын оруулсан  хувь нэмэр их билээ. Энэ 90 жилийн хугацаанд бас бус шалтгаанаас болж хаагдаж байсан ч  “Мөнгү Шяоши бао” буюу “Монголын мэдээ” сонин маань цаг үеийн хөгжлөөс үл хоцрон өнөөг хүртэл тасралтгүй гарсаар байна. Сониныг түүчээлэн авч явж буй залуу, дунд үеийн орчуулагч редакторууд маань монгол, хятад хоёр орны хооронд гүүр болох ариун үүргээ нэр төртэйгөөр биелүүлэх болно” гэв.

Энэ үеэр БНХАУ-ын Синьхуа агентлагаас “Монголын мэдээ” сонины 90 жилийн ойд зориулан баярын мэндчилгээ ирүүлснийг тус агентлагийн Монгол дахь салбарын дарга Асхан уншиж сонордуулав.

Мөн энэ үеэр сэтгүүл зүйн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн МСНЭ-ийн “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр “Мөнгү Шяоши Бао” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Мөнхтуул, “Ган үзэг” шагналаар орчуулагч, редактор С.Мягмардулам, МЗХ-ны “Тэргүүний залуу сэтгүүлч” шагналаар С.Мөнх-Оргил нарыг шагнаж урамшуулсан юм.

Түүнчлэн "Монголын мэдээ" сонины үе үеийн ажилтнуудын ажил, амьдралыг харуулсан гэрэл зургийг дэлгэсэн байлаа.


Холбоотой мэдээ