Эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэгт 2728 иргэн хамрагдав

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-09-19 12:26:43

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Алтай нутгаа хөгжүүлье” ТББ-ын тэргүүн Д.Ариунболдын дэмжлэгээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын өрхийн Эрүүл мэндийн төвүүдэд хийсэн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үнэ төлбөргүй үзлэгт 2728 иргэн хамрагдлаа.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын МАН-ын хороо, ЗДТГ хамтран зохион байгуулсан уг үзлэг оношилгоог дотор, эхо, мэдрэл, эмэгтэйчүүд гэсэн чиглэлээр зохион байгуулжээ. Урьдчилан сэргийлэх дотрын үзлэгээр зүрх судасны өвчлөлтэй 177, хоол боловсруулах эрхтний эмгэгтэй 156, бөөр шээс дамжуулах замын эмгэгтэй 78 иргэн, хэт авиан оношилгооны үзлэгээр элэгний архаг үрэвсэлтэй 8, элэгний өөхлөлтэй 12, цөсний чулуутай 21, мэдрэлийн үзлэгээр тархины судасны өвчлөлтэй 136, зах хязгаарын мэдрэлийн системийн өвчлөлтэй 135, толгойн өвчлөлтэй 67 иргэн тус тус оношлогдсон байна.

Үзлэгийг Анагаах ухааны магистр, дотрын тэргүүлэх зэргийн эмч Б.Чимэдлхам, Анагаах ухааны магистр, эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч Ш.Сэлэнгэ, Анагаах ухааны магистр, дүрс оношилгооны ахлах зэргийн эмч Б. Нандинцэцэг, Анагаах ухааны магистр мэдрэлийн ахлах зэргийн эмч М.Оюунцэцэг нар хийжээ. Уг үзлэгийг энэ удаа аймгийн төв Есөнбулаг суманд хийсэн бол цаашид сумдад үргэлжлэх гэнэ.


Холбоотой мэдээ