Б.Авид: Улаанбаатарт байгуулсан гэрээг хэрэгжүүлэх “Замын зураг”-ийн талаар Москвад ярилцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
khandmaa@montsame.gov.mn
2019-09-13 12:06:24

Улаанбаатар. /МОНЦАМЭ/. Оросын ШУА-ийн ерөнхийлөгч, академич  А.М. Сергеевийг Улаанбаатарт айлчлах үеэр Монгол, Оросын ШУА-иуд хамтран ажиллах шинэчилсэн гэрээ байгуулсан билээ. Уг айлчлалын үр дүнгийн талаар  Монгол Улсын ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич  Б.Авидаас тодрууллаа.


-Оросын ШУА-ийн ерөнхийлөгч анх удаагаа манайд айлчиллаа. Тэрээр манай эрдэмтэдтэй уулзаж хамтран ажиллах талаар санал солилцсон. Хоёр орны эрдэмтэд юун дээр гол анхаарлаа хандуулж ярилцсан бэ?

-Академич А.М.Сергеев манай эрдэмтэдтэй шинжлэх ухааны салбарт  хоёр улс хэрхэн хамтран ажиллах талаар ярилцсан. ОХУ-ын ШУА-ийн ерөнхийлөгчийг хамгийн түрүүн манай Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг хүлээн авч уулзахдаа шинжлэх ухааны салбарт хэрхэн хамтрах талаар ярилцсан. ОХУ-ын Үндсэн хуулинд олон нийтийг соён гэгээрүүлэх үйлс нь ШУА-ийн үндсэн үүрэг гээд заачихсан байдаг. Ё.Баатарбилэг сайдын хэлснээр, манай академийн үндсэн үүргийн талаарх хуулийн заалтад өөрчлөлт оруулах, тодруулбал соён гэгээрүүлэх үйлс гэдгийг заалт болгох талаар ярьсан. Академич А.М.Сергеев  манай ШУА-ийн хүрээлэнгүүдийн захирлууд,  Их чуулганы төлөөллүүдтэй уулзсан. Энэ үеэр хамтран ажиллах ямар боломж, сонирхол байгаа талаар  ярилцсан. 

Оросын ШУА-ийн ерөнхийлөгч орчин үеийн анагаах ухаанд физикийг хэрхэн ашиглах, физикийн салбарт гарсан ололт амжилтыг энэ цаг үед хэрхэн ашиглах талаар голлон ярьсан. Өөрөөр хэлбэл биологичид, физикчид болон эмч нар хамтарч ажиллахгүйгээр ахиц дэвшил гаргахгүй гэдгийг дурдсан. Хамгийн гол мессеж нь энэ байлаа.

-Оросын ШУА-ийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ямар хүмүүс багтаж ирэв?

-Тус хурлын хүрээнд, ОХУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч, академич А.М.Сергеев, тус академийн дэд ерөнхийлөгч академич А.В.Андрианов, академич А.Ю.Розанов, академич С.В.Рожнов, Гадаад харилцааны хэлтсийн дарга О.Э.Глуховцева зэрэг төлөөлөгч манай улсад айлчилсан.

-Айлчлалын үр дүнг Монголын тал хэрхэн дүгнэж байна?

-Академич А.М.Сергеев Александр Михайлович тэргүүтэй төлөөлөгчид манай улсад Монгол, Оросын  хамтарсан Биологийн иж бүрэн экспедиц болон палеонтологийн экспедиц байгуулсны 50 жилийн ойн хүрээнд айлчилсан. 

Манай хоёр хүрээлэн ОХУ-тай хагас зуун  жилийн  уламжлалт сайн харилцаатай.  Нэг хэсэг хамтын ажиллагаа жаахан зогсонги байдалд орсон ч сүүлийн жилүүдэд идэвхэжсэн. Ирэх 10 дугаар сард ОХУ-ын Москвад тус улсын академи байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан хурал болно. Тус хуралд  манай ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл уригдсан. Энэ үеэрээ, Улаанбаатарт байгуулсан гэрээг хэрэгжүүлэх “Замын зураг” буюу "Дорожная карта" хийх талаар ярилцахаар төлөвлөж байна.  Цаашид ямар зарчмаар хэрхэн хамтрах талаар харилцан тохиролцохоос гадна гэрээнд тусгагдаагүй бусад ажил, тэр дундаа эрчим хүчний салбарт юу хийх талаар  хөндөж таарах байх. Эрчим хүчний салбарын хувьд,  манай улсын байдлыг оросууд сайн мэднэ.  Жишээ нь, манай ТЭЦ-4 нүүрсээр ажилладаг. Сүүлийн үед сэргээгдэх эрчим хүч түрж орж ирж байгаа тул манай эрчим хүчний салбарт үүнийг нэвтрүүлэх асуудал аяндаа хөндөгдөх юм. Үүнтэй холбоотойгоор манайд Тоон технологийн хүрээлэнг байгуулж  эрчим хүчний аюулгүй байдал дээр хамтран ажиллах, мөн эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлэх асуудал дээр ч хамтрах тухай ярилцаж байгаа.

-ОХУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч Улаанбаатарт байх хугацаандаа ховор элементүүдийг олборлох салбарт хамтран ажиллъя хэмээн онцлон дурдаж байсан. Энэ нь хэзээнээс ажил хэрэг болох  боломжтой вэ?

-Ховор элементтэй холбоотой асуудал бол зарчмын хувьд, Монголд нөөц байна. Оросын талд энэ чиглэлийн үйл ажиллагааны ноу-хау байгаа бөгөөд энэ чиглэлээр Германтай хамтран ажилладаг. Тиймээс Монгол, Орос, Герман гэсэн гурван талын хамтын ажиллагааг бий болгоё гэж ярьсан. Энэ саналаа ч академич А.М.Сергеев УИХ-ын даргатай уулзахдаа хэлсэн. Дараа дараагийн уулзалтуудаар тодорхой ярих байх.

                                                                                                                                                                                    Ю.Дэлгэрмаа

Холбоотой мэдээ