БНХАУ-ын бараанд ногдуулсан татварыг нэмэх хугацааг хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-09-12 17:05:17

ВАШИНГТОН. /Reuters/. БНХАУ-ын засаг захиргаа нааштай дохио ирүүлсэнтэй холбоотойгоор тус улсын 250 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг нэмэх хугацааг хойшлуулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.


Д.Трамп твиттер хуудсандаа нийтлэхдээ, Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг ирэх 10 дугаар сарын 1-нээс 5 хувиар нэмэх шийдвэрийн хэрэгжиж эхлэх хугацааг хоёр долоо хоногоор хойшлууллаа гэжээ. Энэхүү шийдвэрийг Хятадын хүсэлтээр гаргасны зэрэгцээ Бээжин АНУ-ын зарим бараа бүтээгдэхүүний татварыг чөлөөлсөнтэй холбоотой гэж тэрбээр бичсэн байна.


АНУ, БНХАУ-ын хооронд урт хугацаанд үргэлжилж байгаа худалдааны маргааныг зохицуулах шинэ хэлэлцээг удахгүй зохион байгуулахаар бэлтгэж байгаа үед энэ үйл явдал болжээ. БНХАУ-ын 250 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд ногдуулсан 25 хувийн татварыг өсгөж, 30 хувьд хүргэнэ гэж өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын засаг захиргаа мэдэгдсэн юм.


10 дугаар сарын 1-нд БНХАУ байгуулагдсаны ой тохиохтой холбогдуулан улсынхаа бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг нэмэх хугацааг хойшлуулахыг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ АНУ-ын Ерөнхийлөгчөөс хүссэн ажээ. 

Холбоотой мэдээ