Далай шиг говь, говь шиг далайгаар аялуулна

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2019-09-12 11:02:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монголын элсэн цөл болон далайн үзэсгэлэнт төрхийг гэрэл зургаар харуулсан “Далай шиг говь, говь шиг далай”  үзэсгэлэнгийн нээлт өчигдөр болов.

Тус үзэсгэлэнг “Photo life” студийн захирал, гэрэл зурагчин Х.Сэргэлэнбат БНСУ-ын гэрэл зурагчин Пак Мин Гёнтай хамтран  "Нэг дэлхий” төслийн хүрээнд зохион байгуулж буй юм. 

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтний өмнө тулгарч буй асуудал болсныг байгалийн зургаар дамжуулан ойлгуулах зорилготой энэхүү үзэсгэлэнд Монгол орны хил хязгаар нь үл харагдах алтан шаргал говь, зэрлэг ан амьтан болон БНСУ-ын зах чөлөөгүй цэлэлзэх цэнхэр далайн амьдралыг харуулжээ.

Гэрэл зурагчин  Х.Сэргэлэнбат  хэлэхдээ, “Эх дэлхийгээ хайрлан хамгаалах зорилгоор БНСУ-ын гэрэл зурагчин Пак Мин Гён Монголын говийн зургийг, би Солонгост очиж далайн зураг авсан. Далай, элс хоёрын харилцаа уялдаа, ямар шинжээрээ адилхан байна, уур амьсгалын өөрчлөлт манай дэлхийд хэрхэн явагдаж байгаа нь Монгол Улс онгон дагшин байгальтай учраас тодорч харагдаад байгаа юм. Дэлхийн улс орнууд байгаль дэлхийгээ хамгаалаад эхэлсэн. Харин бид эх дэлхийгээ хамгаалж, ирээдүйдээ үлдээхийн тулд монгол хүн бүр, хүүхэд бүр үйлдлээ зөв болгох цаг иржээ гэдгийг хүмүүст хүргэхийг зорилоо” гэв.

БНСУ-ын гэрэл зурагчин Пак мин Гён, Монголын элсэн цөлийг хараад далайн үзэсгэлэнт төрхтэй адилхан гэдгийг мэдэрсэн. Сэргэлэнбат уран бүтээлчтэй хийсэн энэхүү аялал сэтгэлийн мэдрэмжийн үнэлэмжийг ил гаргасан үнэ цэнтэй ажил байлаа. Байгаль хамгааллын төсөлд нэгдэн хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна” хэмээв.

Тус үзэсгэлэн БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 13-ныг хүртэл гарч байна.









Холбоотой мэдээ