Ж.Бахыт: Орон нутгийн цаг уурын онцлогт тохирсон алимны дөрвөн сортыг гаргаж авлаа

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-09-04 16:59:29

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол орны баруун хязгаар Баян-Өлгий аймгийн Баяннуур сумд алим тарьж, хүч хөдөлмөр, сэтгэл гаргавал манай улсад жимсний энэ төрлийг ургуулж болохыг баталж яваа тус сумын дөрөвдүгээр багийн иргэн Жамекений Бахыттай ярилцлаа.


- Сайн байна уу Та. Сайхан намаржиж байна уу?

Сайхан намаржиж байна. Цаг агаар тогтуун, ургац арвин намар сайхан эхэлж байна.

- Та алим тариад хэдэн жил болж байна вэ?

- Миний аав М.Жамекен 1962 оноос алим тарьж, Баяннуур суманд алим тарих ажлын суурийг анх тавьсан хүн байгаа юм. Би 1972 оноос алим тарьсан. Анх аавын туслахаар ажлын гараагаа эхэлсэн дээ.

- Таны хувьд жимс, жимсгэнийн чиглэлээр суралцаж, мэргэжил эзэмшсэн үү?

- Ерөнхийдөө аавын туршлагыг өвлөж, энэ салбарт мэргэшсэн гэж ойлгож болно. Түүнчлэн 1984, 1985 онд одоогийн ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсын Горно-Алтайск хотод тус улсын Гавьяат агрономич Юрий Дмитриевич Бурыйгийн удирдлага дор тус бүр гурван сараар сургалтад хамрагдаж байлаа.

- Энэ жил хэчнээн га-д тариалалт хийв?

- Өнгөрсөн хавар таван га газарт тариалалт хийсэн. Алим, ранетка, үржлийн модтой нийлээд 900 ширхэг мод байгаа.


- Алимаа хурааж дууссан уу? Ургац хэр байв?

- Энэ жил гурван тонн жимс авсан. Ургацын хувьд бол өмнөх жилүүдийн түвшинд л ургасан байгаа.

- Алимаа хэдэн төгрөгөөр борлуулж байна вэ?

- Энэ жил үнэ найман мянган төгрөг дээр тогтож байна.       

- Танай бүтээгдэхүүн зах зээлд хэр эрэлттэй байдаг вэ?

- Маш их эрэлттэй. Манай бүтээгдэхүүн хүн амын нийт хэрэгцээний маш бага хэсгийг хангаж байна. Хураасан алимаа зарах гэж ийш тийшээ зөөдөггүй. Хүмүүс газар дээр нь ирээд л аваад явдаг.

- Та хэдэн төрлийн алим тарьдаг вэ?

- Алим бол манай аймгийн брэнд шүү дээ. Монгол Улсад ганцхан Баяннуур суманд алимны аж ахуй эрхэлж байна. Одоогоор слабянка, мельба, мичурин, папировка зэрэг есөн сортын алим тарьж байгаа. Эдгээрээс гадна орон нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон алимны дөрвөн сортыг гаргаж авсан. Эдгээр сортуудад "Баян-Өлгий", "Баяннуур", "Бахыт", "Айнур" хэмээн нэр өгсөн юм. Түүнээс гадна дөрвөн төрлийн ранетка тарьж байна.

- Алим тарих ажлын бусад жимс жимсгэнэ, хүнсний ногоог тарихаас ялгарах онцлог нь юу вэ?

- Алим тарина гэдэг чинь ур ухаан, тэвчээр шаардсан хүнд ажил байдаг. Тарьсан мод болгоноос ургац авна гэж байхгүй. Энэ жил жимс өгсөн мод дараагийн жилд заавал өнждөг. Харин жимс өгдөг жилд нь цаг агаар энэ жилийнхтэй адил хүйтэн байвал үрт жимс өсч чадахгүй цэцэг нь салхинд хийсэх аюул байна. Манай орон хуурай уур амьсгалтай тул намар бүх модоо хөрсөнд булж дараагийн хавар хүртэл чийгээ хадгалах арга хэмжээ авна. Хавар таван сарын нэгнээс хөрснөөсөө гаргаснаар нахиа задарч эхэлдэг. Харин тавдугаар сарын 25-наас цэцэглэж, наймдугаар сарын 1-нээс жимс өгнө.


- Орон нутагт алимны аж ахуйг өргөжүүлж хөгжүүлэх боломж байна уу?

- Төр засгаас бодлогоор дэмжиж өгвөл маш их боломж харагдаж байгаа. Алимны мод тарьснаасаа хойш таван жил хүртэл жимс өгдөггүй онцлогтой. Үр дүн нь удаан хугацааны дараа гарна. Жимсний модны суулгац бэлдэхийн тулд хэд хэдэн хүн авч ажиллуулж, таван жилийн турш цалинжуулах шаардлагатай. Тийм учраас хүн хүч дайчилж, алимны талбайгаа өргөсгөх санхүүгийн боломж бидэнд яг одоо байхгүй, бололцооныхоо хэрээр л ажиллаж байгаа. Харин энэ чиглэлээр ажиллана, алим тарина гэсэн өөр хүмүүс гарвал зөвлөгөө өгч туслахад бэлэн байна. Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох замаар дэмжиж өгвөл тариалалтын хэмжээг нэмэгдүүлэх, тэр хэмжээгээр олон хүнийг ажилтай болгох, алимыг Монгол Улсын брэнд бүтээгдэхүүний түвшинд хөгжүүлэх бүрэн боломжтой. Харамсалтай нь орон нутгийн зүгээс дэмжлэг хангалтгүй байна. Эсрэгээрээ Улаанбаатарт ирж алим тарьж өгөөч гэсэн саналууд байнга ирдэг.     

- Ярилцлага өгсөнд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

- Баярлалаа.






Холбоотой мэдээ