Өрх бүр дулаанд холбогдож амьдрах орчин сайжирна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-09-04 14:43:55

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улсын төсвийн 8,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 6,7 дугаар багийн 3000 өрхийг цэвэр, бохир усны системд холбох, дулааны шугам сүлжээ тавих ажлыг эхлүүлж байна.

Барилга, угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Эс Энд Эй” ХХК ажиллаж байгаа аж. Үндсэн үйлчилгээ нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Дархан-Уул аймагт анх удаа тендерт шалгарч ажиллах гэж буй компани юм. Урд нь ижил төрлийн ажил, үйлчилгээ хийсэн, одоо Хөвсгөл, Өмнөговь аймагт мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар инженерийн шугам сүлжээний ажил хийж байгаа туршлагатай компани гэж албаны төлөөлөл мэдэгдлээ.

Өнөөдөр эхэлж буй энэхүү инженерийн шугам сүлжээний ажлын 3,9 км дулааны шугам бол 4,7 км бохир усны шугам аж. Тус инженерийн шугам сүлжээнд ашиглах  том, жижиг нийлсэн 12 объект  барилгын ажлыг гүйцэтгэхээр гэрээнд заажээ.

Энэ жил 2 тэрбум төгрөгийн ажил хийх бол ирэх онд үлдсэн 6,2 тэрбум төгрөгийн ажлыг хийх аж. Уг ажлын төсвийг 2018 оны 11 дүгээр сард улсын төсөвт суулгасан хэдий ч барилгын зураг төсөв хийх, зарим газарт айл өрхүүдийн хашаа таарч байгаа учир зөвшилцөх шаардлага тулгарсан, мөн төрийн албаны хүнд суртлаас үүдэн ийнхүү оройтож эхэлж байгаа талаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр энэ үеэр онцолж байлаа. Гэвч нэгэнт эхлүүлж байгаа ажлаа ирэх оны 4 дүгээр улирал гэхэд дуусгах хэрэгтэйг анхааруулж, иргэдийн ая тухтай амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд шат шатны байгууллагууд идэвхтэй ажиллахыг уриаллаа.

Холбоотой мэдээ