Халх голын ялалтын тухай "Бид мартахгүй" үзэсгэлэн дэлгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-08-20 17:28:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Бид мартахгүй” үзэсгэлэнг наймдугаар сарын 22-ны өдрийн 11:00 цагт Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Монгол цэргийн музейн үзэсгэлэнгийн танхимд нээнэ.

Монголын ард түмэн нийтээрээ дайны буюу япон, манжийн цэргийн түрэмгийллийн эсрэг тэмцэж, улсын төсвийнхөө ихэнх хувийг батлан хамгаалах үйл ажиллагаанд зарцуулж байсан хүнд бэрх цаг үед Монгол Ардын Хувьсгалт Цэргийн бие бүрэлдэхүүн эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалах гол хүч болохоо харуулан Зөвлөлтийн Улаан армийн хамт дайсны эсрэг амжилттай тулалдан түүхэн ялалт байгуулсныг энэ өдрүүдэд дурсаж байна.

Энэхүү үзэсгэлэнд  Халх голын байлдааны оршил үе, үндсэн үе, төгсгөл үеийг харуулсан түүх, эрдэм шинжилгээ, лавлагаа мэдээлэл, танин мэдэхүйн ач холбогдол бүхий баримт, гэрэл зургийн самбарууд, архивын эх баримтууд болон 100 гаруй үзмэр эд өлгийн зүйлийг дэлгэх юм байна.

Мөн Халх голын байлдааны ялалтад шийдвэрлэх нөлөө үзүүлсэн “Баянцагааны тулалдаан”-ны үйл явдлыг харуулсан орчинг бодит юм шиг бүрдүүлснээрээ онцлог байх аж.

Холбоотой мэдээ