Сүхбаатар аймагт сургууль, цэцэрлэгийн 80 гаруй сул орон тоо байна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-08-20 17:30:34

Сүхбаатар /МОНЦАМЭ/.Сүхбаатар аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн 80 гаруй багшийн сул орон тоо байна. Ялангуяа математик, хими, физик, дуу хөгжмийн багш дутагдалтай байгаа талаар аймгийн БСУГ-аас мэдээлэв.

Ерөнхий боловсролын сургуулийн 60, цэцэрлэгийн үндсэн болон туслах багшийн 20 гаруй сул орон тоо байгаа бөгөөд эдгээр ажлын байранд бүртгэл хийж, сонгон шалгаруулалтыг явуулж эхэлжээ.

"Аймгийн хэмжээнд математик, хими, физик, дуу хөгжмийн багш дутагдалтай. Энэ чиглэлээр сургууль төгсөөд, орон нутагтаа ирж ажиллах боловсон хүчин цөөхөн байна. Нөгөө талаар сургуульд хамрагдагсдын тоо жилээс жилд өсөж байгаа. Энэ хичээлийн жилд 12 мянга гаруй сурагч хичээллэнэ.

Үүнийг дагаад сургуулиудын ачаалал ихсэх нь тодорхой. Ялангуяа Эрдэнэцагаан, Баруун-Урт сумын сургуулиудын ачаалал эрс нэмэгдэнэ. Ирэх жил гурван сургуулийн барилга шинээр ашиглалтад орно. Ингэхээр ачаалал багасах болов уу. Сургууль болоод багшийн ажлын ачаалал ихсэж буй нь залуу багш нар орон нутагт ирж ажиллахгүй байгаатай холбоотой" гэж аймгийн БСУГ-ын дарга Л.Байгалмаа ярив. 

Холбоотой мэдээ