Аймгийн арслан Ч.Энхмөнхийн цолны мялаалга наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-08-20 12:22:46

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 98, Сүхбаатар аймаг байгуулагдсаны 77 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд найм даван түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн Ч. Энхмөнхийн цолны мялаалга наадам энэ сарын 18-нд Асгат суманд боллоо.

"Би энэ цагт багшаа дурсахыг хүсч байна. Миний анхны багш Д.Баттулга гэж хүн бий. Багаасаа үндэсний бөхөөр барилдаж өссөн би энэ хүний гар дээр очиж шавь болж, бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. 2012 оноос Монгол Улсын харцага Г.Элбэг багшийнхаа удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна.

Өнөөдрийн энэ амжилтанд хүрэхэд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн багш нартаа болон Сүхбаатар аймгийн Жавхлант бөхийн дэвжээний хамт олондоо талархал илэрхийлье. Энэ бүх хүнийхээ дэмжлэг, надад үзүүлж буй итгэлээр дараагийнхаа том зорилго өөд зүтгэх болно" гэж аймгийн арслан Ч.Энхмөнх ярив.  


Шинэхэн арслангийн мялаалга наадмыг Асгат сумын ЗДТГ, ИТХ, Нутгийн зөвлөл, "Одкон" холдинг групп бусад клуб, компаниудтай хамтран зохион байгуулжээ.

Асгат сум улсдаа адуугаараа алдартай, хурдны өлгий нутаг. Хурдны өлгий нутгаас хүчтэний өлгий нутаг руу шилжиж байгаадаа баяртай байна. Учир нь манай сумаас аймгийн арслан цолтой долоон бөх төрөн гарсан байдаг. Өнгөрсөн жил бид улсын начин цолтонтой болж байсан бол, энэ жил дахин нэг залуухан аймгийн арслантай боллоо.

Нутгийн ард иргэд баяртай байгаа. Тун удахгүй дахин нэг улсын цолтноо өлгийдөн авахыг бид хүсч байна. Тиймээс сум орон нутгийн удирдлага нутгийн ард иргэд бөхчүүдээ бүхий л талаар нь дэмжиж туслахад бэлэн" гэж Асгат сумын Засаг дарга У.Мөнхбаяр хэллээ.

Харин  аймгийн арслан Ч.Энхмөнхийн аав Б.Чулуунтөмөр сэтгэгдлээ хуваалцахдаа, "Би залуудаа барилдаж явлаа. Одоо өөрөө гурван сайхан хүүгийн аав. Хөвгүүд маань багаасаа л бөхөөр барилдаж, ноцолдож өссөн. Энхмөнхийн хувьд хар багаасаа бөхөөр хичээллэж, тууштай барилдаж байгаа. Аав хүний хувьд хүүгээ дэмжиж багаас нь бүх л уралдаан тэмээн, наадамд нь дагаж явдаг.

Аймгийн заан цол хүртсэн барилдаан нь одоо ч миний сэтгэлд их тод байдаг. Хүүгээ барилдахыг үзэх гэж усан борооноор хөдөөнөөс аймаг руу давхиж ирж билээ. Ер нь манай хүү ээжийнхээ гурав дахь үеийн бөх байгаа юм. Ээжийнх нь талд аймгийн арслан цолтой, их сайхан барилддаг хүн байсан гэж ярьцгаадаг" гэв.

Мялаалга наадмын үеэр хязаалан, дааган насны хурдан морьдын уралдаан, хүчин бөхийн барилдаан болжээ. Мөн шинэхэн арсландаа аймаг, сум орон нутгийнхан болон гэр бүл, найз нөхөд, хамт олон нь хүндэтгэл үзүүлсэн юм.

Хүчит бөхийн барилдаанд Монгол Улсын харцага Ш.Мөнгөнбаатар тэргүүтэй 64 бөх барилдсанаас Монгол Улсын харцага Ш.Мөнгөнбаатар түрүүлж, Монгол Улсын начин Б.Батжаргал үзүүрлэжээ.

 

Холбоотой мэдээ