"Сауд гоби коэл транс" компанийн ажлыг зогсоож хамгаалалтад авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-14 14:03:13
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газарт ашигт малтмал олборлож байсан "Сауд гоби коэл транс" компанийн ажлыг Цагдаа болон мэргэжлийн хяналтын байгууллагаас зогсоож, тус газрыг хамгаалалтад авлаа. 


БОАЖ-ын сайдын дүгнэлт, УУХҮ-ийн сайдын албан бичгийн дагуу АМГТГ-ын Кадастрын хэлтсээс тус компанийн ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг цуцалсан. Энэ дагуу ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан,  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажлын хэсгийн алба хаагчид Өмнөговь аймгийн Гурван тэс сумд очиж “Сауд гоби коэл транс”-ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг өчигдөр танилцуулсан байна. Улмаар мэргэжлийн хяналтын байгууллагаас тус уурхайн техник, тоног төхөөрөмжийг битүүмжилж, цагдаагийн байгууллага хамгаалалтад авчээ. 


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 12-нд шуурхай хуралдаан зарлаж, Өмнөговь аймаг дахь Гурван тэс сумын Тост, Тосон бумбын нуруунд ажиллаж буй “Сауд гоби коэл транс”-ХХК-ий тусгай зөвшөөрлийг цуцлах үүргийг холбогдох сайд, мэргэжлийн байгууллагын удирдлагуудад өгсөн юм. 


Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, Тост, Тосон бумбын байгалийн нөөц газрын хилийн заагт 154.3 мянган га газраар өргөтгөж, нийт 896.5 мянган га газрыг байгалийн нөөц ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг баталлаа. 

Холбоотой мэдээ