Мэдээлэл, харилцаа холбооны сайд нарын чуулган боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-08-03 16:55:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази, Номхон далайн орнуудын мэдээлэл, харилцаа холбооны сайд нарын чуулган Сингапур улсад болж өндөрлөлөө.

32 гишүүн орон болон салбар байгууллагуудын төлөөлөл оролцсон тус чуулганд манай улсаас Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат оролцож, “Дижитал шилжилт, дижитал инноваци ба бүтээн байгуулалт” сэдвээр Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, ололт амжилтын талаарх мэдээллийг танилцуулж, Ази, Номхон далайн цахилгаа, холбооны байгууллагын 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүргэсэн баярын мэндчилгээг төлөөлөгчдөд уламжлалаа.  

Чуулганаар 2014 онд Ази, Номхон далайн орнуудын мэдээлэл, харилцаа холбооны сайд нарын баталсан “Мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглан ухаалаг тоон эдийн засгийг хөгжүүлэх Бруней Даруссаламын тунхаглал”-ын хэрэгжилтийг хэлэлцэж, бүс нутгийн мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжлийн ирэх 5 жилийн үйл ажиллагааг тодорхойлон “Ази, Номхон далайн бүс нутагт нэгдмэл тоон ирээдүйг хамтдаа бүтээх Сингапурын тунхаглал”-ыг баталлаа.

Сингапурын тунхаглалд дижитал шилжилт буюу мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн таатай орчин бүрдүүлэх, улмаар нийгэм, эдийн засгийн өсөлт, инноваци, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах талаар тусгажээ. Чуулганд манай улсаас мөн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат оролцлоо. 

Холбоотой мэдээ