Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг 98 нас хүрлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийг Монголд-Монголыг Дэлхийд уриатай Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн түүхт 98 жилийн ой өнөөдөр тохиож байна.
1921 оны гуравдугаар сарын 19-нд “Монголчуудын бослого” гарчигтай мэдээ хилийн чанадад “МОНТА” гэсэн эх сурвалжтайгаар анх цацагдсанаар МОНЦАМЭ агентлаг байгуулагдах эхлэл тавигдсан байдаг. Монголчууд эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж, боссон тухай өгүүлэх энэхүү товч мэдээ МОНЦАМЭ агентлагийн төдийгүй манай орны гадаадад мэдээлсэн анхны хэвлэлийн мэдээ болж, тухайн сарынхаа 30-нд ЗХУ-ын "Правда" сонины №68-д хэвлэгдсэн түүхтэй.
Улмаар 1921 оны долоодугаар сарын 19-нд Засгийн газрын гишүүдийн зургаадугаар хурлаар Дотоод хэргийн яамны харьяанд “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо”-г албан ёсоор байгуулсан нь өнөөгийн МОНЦАМЭ агентлаг төдийгүй, Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт шинэ хуудас болсон юм. Энэ үеэс хойш МОНЦАМЭ агентлаг Монголыг олон улсад сурталчлах үүргээ амжилттай биелүүлж, өнөөдрийн байдлаар, Орос, Хятад, Япон, Англи хэлээр болон Босоо монгол бичгээрээ долоо хоног тутмын сонин гаргаж, өдөр тутам тогтвортой ажиллах мэдээллийн “www.montsame.mn” цахим хуудсыг ажиллуулж байна. Мөн улирал тутмын “Mongolia Today” сэтгүүлийг эрхлэн гаргахаас гадна англи, орос хэлээр " МОНЦАМЭ Daily news", "МОНЦАМЭ новости" товхимолоо уншигчдын гарт хүргэж байна.
МОНЦАМЭ агентлаг 21 аймаг болон Москва, Бээжин хотод байнгын сурвалжлагч томилж, улс орноо гадаадад таниулан үнэн бодит мэдээ мэдээллээр хангах үүргээ нэр төртэй биелүүлж байна. Манай байгууллага Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын мэдээллийн агентлагуудын нэгдсэн төв ОАНА-ын гишүүнээр элсэж, бусад агентлагуудтай тогтмол мэдээлэл солилцдог. Тухайлбал, ОХУ-ын ИТАР-ТАСС, Риа-Новости, Их Британийн Ройтерс, БНХАУ-ын Синьхуа, БНСУ-ын ЁНАП, БНТУ-ын Анадолу, Казахстан улсын Казинформ зэрэг агентлагийг нэрлэж болох юм. Манай агентлаг тэдгээр мэдээллийн агентлагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан мэдээллээ үнэ төлбөргүй солилцон улс орноо гадаадад сурталчлахаас гадна, жил бүр сэтгүүлч, техникийн ажилтнуудаа харилцан солилцож, туршлага судлаж байна. Мөн Монгол Улсад болж буй үйл явдлын тухай мэдээ мэдээллийг өдөр тутам ОАНА-ын мэдээллийн нэгдсэн сан www.oananews.org цахим хуудсанд нийлүүлж ирлээ.
МОНЦАМЭ агентлаг удахгүй тохиох 100 жилийн ойдоо зориулж хэд хэдэн томоохон ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тухайлбал Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын мэдээллийн агентлагуудын нэгдсэн байгууллага (ОАNА)-ын Гүйцэтгэх зөвлөл болон Техникийн зөвлөлийн хурлыг Монгол Улсад зохион байгуулан, орчин үеийн мэдээллийн агентлагуудын тулгамдсан асуудлыг хэлэлцэж, дэлхийн 20 гаруй томоохон мэдээллийн агентлагаар дамжуулан эх орноо сурталчлах боломжийг эрэлхийлж байна.