Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид байраа бэлдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-04-03 21:58:46

Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг “Хүүхэд харах үйлчилгээ”-г эрхлэх иргэдийн байрыг үзэж дүгнэлт гаргах хугацаагаа тав хоногоор сунгажээ.

Энэ хүрээнд үйл ажиллагаа явуулах эрхээ авч чадаагүй төвүүд өмнө нь хийгдсэн хяналт шалгалтын үед гарсан зөрчлүүдээ засаж дахин шалгуулах аж.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль гарсантай холбоотойгоор Дархан сумын Засаг дарга 2016 оны 3-р сарын 1-нд захирамж гаргаж сумынхаа хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл хүссэн иргэдийн ажлын байранд дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсэгт  сумын ЗДТГ, аймгийн Хүүхэд, Гэр бүл хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, аймгийн Онцгой Байдлын газар, багийн Засаг дарга, нийгмийн ажилтанууд багтжээ. Хүүхэд харах үйлчилгээг эрхлэх хүсэлтэй 46 иргэн аймгийн хүүхэд харах үйлчилгээний сургагч багш бэлтгэх сургалтад хамрагдаж Сертификатаа авсан. Уг сургалтад хамрагдсан иргэдээс Дархан сумандаа 15 ажлын байранд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авах иргэд байснаас ажлын хэсгийн шалгалтаар дөрвөн хүүхэд харах төв үйл ажиллагаа явуулах эрхээ авсан байна.

      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ