Үер усны аюул, ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-07-11 00:32:09

Баянхонгор /МОНЦАМЭ/. “Үер усны аюул, ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ”-г аймгийн Онцгой байдлыг газраас зохион байгуулж байна.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд томоохон голын эрэг, дагуу бууж суурьшсан аж ахуйн нэгж байгууллага, иргэд, малчдад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, аюулгүй байдлаа хангаагүй аж ахуй нэгж байгууллага, иргэд, малчдад зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр албан шаардлага хүргүүлжээ. Мөн тус аймгийн нийт 20 сумын Засаг дарга нарт “Үер усны аюул ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тухай” аймгийн Засаг даргын захирамж болон Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн “Урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай” албан мэдэгдлийг хүргүүлж хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байгаа аж.

Тус аймгийн хувьд томоохон голууд болон уулын гуу, жалга судгаас хамааран түр зуурын аадар бороо орох төдийд уруйн үер бууж, их хэмжээний хохирол дагуулдаг эрсдэлтэй бөгөөд сүүлийн жилүүдэд /2012, 2016, 2018 онд/ уур, амьсгалын өөрчлөлтөөс хамааран үер, усны ослын давтамж өсөн нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан мэдээлэв.

Тиймээс иргэд, малчид болзошгүй байгаль цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, аливаа эрсдэлийг тооцож аюулгүй байдлаа хангах шаардлагатай байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагуудаас гаргасан шийдвэрийг биелүүлж,  урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хуулиар хүлээсэн үүргээ ухамсарлан идэвхтэй оролцох шаардлагатай байгааг Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Холбоотой мэдээ