Швейцарын Холбооны Улсын Парламентын дарга Марина Караббио Ховд аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-07-02 13:02:43

Ховд /МОНЦАМЭ/. Швейцарын Холбооны Улсын Парламентын дарга Марина Караббио зургаадугаар сарын 30-ны өдрөөс  долоодугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд Ховд аймагт ажиллаж байна.

Тэрбээр аймгийн удирдах ажилтнууд болон төсөл хөтөлбөрийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийлээ. Уулзалтын хүрээнд орон нутагт хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн явц, үр дүнг танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Швейцарын хөгжлийн агентлаг нь 2002 оноос эхлэн Монгол Улсад, 2004 оноос Ховд аймагт төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Хамтын ажиллагааны 15 жилийн хугацаанд Цөлжилтийг сааруулах төсөл, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Малын эрүүл мэнд, түүхий эдийн мөшгөх тогтолцооны төсөл, Хариуцлагатай уул уурхай, дулааны алдагдал бууруулах төсөл зэрэг 30 гаруй төсөл амжилттай хэрэгжүүлсэн юм. Мөн одоогоор 17 төслийг  хамтран хэрэгжүүлж байна.

Уулзалтын үеэр Швейцарын Холбооны Улсын Парламентын дарга Марина Караббиогоор ахлуулсан ажлын хэсэг дээрх төслийн хугацааг сунгах, тэр дундаа "Ногоон алт" төслийн хэрэгжилтэд түлхүү анхаарч хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.

Швейцарын хөгжлийн агентлагийн орон нутагт хэрэгжүүлж буй “Ногоон алт” төслийн үйл ажиллагаа нь бэлчээрийн тогтвортой менежментийг төлөвшүүлэх, малчдын бэлчээр ашиглах технологийн мэдлэгийг дээшлүүлэх, зах зээлд нэвтрэхэд нь дэмжих замаар малчин өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэдэг.

2004 оноос хойш малчдын анхан шатны байгууллага болох бэлчээр ашиглагчдын бүлэг (БАХ) байгуулж, бэлчээрийн нөөцийг тогтвортой ашиглах, эдийн засгийн боломжийг сайжруулах чиглэлээр дэмжин ажиллаж иржээ. Малчдын байгууллагын энэхүү систем нь бэлчээрийн зохион байгуулалт, төлөвлөлтийг орон нутгийн түвшинд сайжруулахын зэрэгцээ малчдын оролцоог нэмэгдүүлэх чухал тогтолцоо болж байна гэж албаныхан танилцууллаа.





Холбоотой мэдээ