Тусгай чиг үүргийн байгууллагын буудлагын тэмцээнд ЦЕГ тэргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-19 12:04:33
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээлд болсон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүргийн байгууллагын дундах буудлагын тэмцээнд Цагдаагийн ерөнхий газрын тусгай ажиллагааны газрын баг нийлбэр дүнгээр тэргүүлжээ. 



Энэ жилийн тэмцээнийг Хил хамгаалах байгууллага хариуцан зохион байгуулж явуулсан. Төв аймгийн Баянчандмань дахь Хил хамгаалах байгууллагын тусгай бэлтгэлийн цогцолборт болсон тус тэмцээнд нийт 11 байгууллагын 150 гаруй тамирчин өрсөлдөж ур чадвараа сорив.


Тэмцээнд оролцогчид карбины нэг, хоёрдугаар дасгал, гар бууны нэг, хоёрдугаар дасгал болон мэргэн буудагчийн гэсэн төрөлд өрсөлдөж Монголын практик буудлагын холбооны мэргэжлийн шүүгч нар шүүсэн.


Тэмцээнд багийн буудлагын төрөлд нийлбэр дүнгээр, тэргүүн байрт Цагдаагийн ерөнхий газар, дэд байрт Хил хамгаалах байгууллагын 0303 дугаар тусгай салбар, гутгаар байрт Тагнуулын ерөнхий газрын баг тамирчид шалгарлаа. 



Харин мэргэн буудагчийн төрөлд ЗХЖШ-ын ахлах ахлагч Э.Баясгалан хүрэл, Хилийн 0303 дугаар тусгай салбарын ахлах ахлагч Ч.Энхтүвшин мөнгө, Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбарын довтлогч, ахлах дэслэгч Б.Эрдэнэ-Очир алтан медаль хүртсэн байна. 


Байгууллагын удирдлагын дундах буудлагын тэмцээний нэгдүгээр байрт ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа Д.Отгонжаргал 14 секунд 19 дойлоор, хоёрдугаар байрт ХХЕГ-ын бригадын генерал Х.Лхагвасүрэн 14 секунд 67 дойлоор, гуравдугаар байрт ШШҮХ-гийн бригадын генерал Д.Батжаргал 23 секунд 64 дойлоор орлоо. Тэмцээнд амжилттай оролцон алтан медаль хүртсэн нийт баг тамирчдад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэрэмжит шагнал гардуулсан юм.



Холбоотой мэдээ