Угандад “Эбола” вирусний халдварын анхны тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2019-06-12 14:18:03

КАМПАЛА. /BBC/. Уганда улсын иргэн таван настай хүүд “Эбола” вирусний халдвар илэрсэн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ албан ёсоор мэдээлжээ.


“Эбола” вирусний халдварын тархалт ноцтой хэмжээнд хүрээд буй Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улстай хил залгаа оршдог Уганда улсад бүртгэгдсэн “Эбола” вирусний халдварын анхны тохиолдол энэ болсон байна.


Сүүлийн 10 сарын хугацаанд Конгод уг халдварын 2000 гаруй тохиолдолд бүртгэгдсэнээс 1400 орчим хүн нас баржээ. Халдвар авсан хүү гэр бүлийн хамтаар Конго улсаар аяласны дараа өнгөрсөн ням гарагт эх орондоо эргэн ирсэн байжээ. Цустай бөөлжих зэрэг ноцтой шинж тэмдэг илэрсэн хүү эмнэлэгт байгаа талаар холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ.


Хүү "Эбола" вирусээр халдварласныг Уганда улсын вирусний институтийн мэргэжилтнүүд мягмар гарагт тогтоосны дараа тус улсын эрх баригчид олон нийтэд мэдээлсэн байна. Эрүүл мэндийн сайд Жейн Рут Асенгийн мэдээлснээр, хүүгийн гэр бүлийнхнийг ажиглаж байгаа бөгөөд хоёр хүнд “Эбола”-гийн халдвар авсантай төстэй шинж тэмдэг илрээд байгаа ажээ.


"Уганда улсад “Эбола” вирусний халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан “хариу арга хэмжээ авах горим”-д шилжлээ" гэж Ж.Асенг твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Уг вирусний халдвартай тэмцэх зорилгоор Уганда улсын 4700 орчим эмнэлгийн ажилтныг вакцинжуулалтад хэдийнэ хамруулсан байжээ.


Конгод дэгдээд буй “Эбола” вирусний тархалт нь 2014-2016 онд Баруун Африкт дэгдэж байсан уг халдварын тархалтын араас бичигдэх хэмжээнд хүрсэн бөгөөд тухайн үед 28616 хүн халдвар авснаас 11310 нь нас барсан гэж ДЭМБ-ын тайланд мэдээлсэн байна.

Холбоотой мэдээ