Вашингтонд буудалцаан болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-29 10:34:58

ВАШИНГТОН. /TASS/. Даваа гарагийн үд дунд АНУ-ын нийслэл хотын төвд аваарын дохиогоо хангинуулсан цагдаагийн болон гал түймрийн машинууд цугласан байлаа. Ингэж цугласны шалтгаан нь АНУ-ын хууль тогтоох гол байгууллага болох Конгресс байрладаг Капитолиягийн дэргэдэх аялал, жуулчлалын төвд буудалцаан болсон гэх мэдээлэл болжээ. Түгшүүр хуурамч байсангүй.

Шалгалтын цэг дэх буудалцаан

Үйл явдлын талаарх эхний мэдээлэл 15 цаг болох гэж байхад ирсэн байна. Эхлээд зөвхөн аялал, жуулчлалын төвд байсан хүмүүс рүү гал нээж, хүмүүс шархадсан тухай мэдээлж байв. Конгрессыг хамгаалах үүрэгтэй Капитолиягийн цагдаа нар ойролцоох гудамжуудыг хааж, хамгаалалт гаргаж бүсэлсэн байна. Капитолиягийн орох, гарах бүх хаалгыг хаажээ.

Сенатын болон Төлөөлөгчдийн танхимын тамгын газрын ажилтнуудад, мөн тус хоёр танхимын хороодын гишүүдэд ажлын байрандаа үлдэх зөвлөмжийг цахим шуудангаар өгсөн байна.  Аз болж даваа гарагт хоёр танхимын аль нь ч хуралдаагүй байсан бөгөөд хууль тогтоогчид Улаан өндөгний баярыг тохиолдуулан амарсан байжээ. Үүнээс гадна, аюулгүй байдлыг хангах үүднээс Цагаан ордныг хаасан байна.

Гал нээсэн сэжигтнийг баривчилсан нь бараг тэр даруй тодорхой болсон бөгөөд харин цагдаа нарын нэг нь шархадсан бололтой.

Цагаан ордонд нэвтэрсэн гэх мэдээлэл

Өнөө өглөө Улаан өндөгний баярын арга хэмжээг тохиолдуулан хүүхдүүд голдуу олон зочныг урьсан байсан АНУ-ын Ерөнхийлөгчийн өргөөний хашааг үл таних этгээд давахыг оролдсон гэх мэдээлэл олныг төөрөгдүүлсэн байна. Хууль зөрчигч ямар хүн байсан, түүнийг баривчилсан эсэхийг хэвлэлүүд таамаглаж байв. Гэвч Нууц албаны төлөөлөгчийн мэдээлснээр, энэ нь хуурамч мэдээлэл байсан бөгөөд Капитолияд болсон хэрэгтэй холбоотойгоор аюулгүй байдлыг хангах үүднээс Цагаан ордны нутаг дэвсгэрийг бүслэн хаасан байжээ.

Халдлага биш

Европт үйлдсэн цуврал халдлагын дараа АНУ-д гал нээсэн ямар ч хэрэг халдлага гэдэг таамаглалыг бий болгож байна. Энэ удаа энэ болгоомжлолыг Капитолиягийн цагдаагийн дарга Мэтью Вердероса арилгахыг яарсан бөгөөд тэрбээр буудалцааны тухай эхний мэдээлэл гарснаас хагас цагийн дараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийжээ. “Болсон хэргийг халдлага гэж үзэх ямар ч үндэслэл алга” гэж тэрбээр хэлсэн байна.

Түүний хэлснээр, ойролцоогоор 14 цаг 39 минутад “насанд хүрсэн эрэгтэй Капитолиягийн аялал, жуулчлалын төвийн үзлэг шалгалтын хойд цэгт дөхөж очсон байна”.

Үзлэг хийх үеэр тэрбээр буу гаргаж ирэн цагдаагийн ажилтан руу чиглүүлжээ. Цагдаагийн ажилтан сэжигтэн рүү буудаж, оносон байна. Эмнэлгийн ажилтнууд түүнд тусламж үзүүлжээ.

“Сэжигтнийг баривчилж, эмнэлэгт хүргэсэн. Одоогийн байдлаар түүнд мэс засал хийж байгаа бөгөөд биеийн байдал нь ямар байгаа нь тодорхойгүй байна” гэж Капитолиягийн цагдаагийн дарга хэлсэн байна.

Хууль зөрчигч цагдаагийн ажилтныг шархадуулсан гэх эхний мэдээллийг Вердероса няцаажээ. Энэ хэргийн улмаас гэмт этгээдийг дэргэд зогсож байсан 35-45 насны нэг эмэгтэй хохирсон байна.

Бурхны зөнч

Дээрх хэргийн гол эзэн хэн болохыг албан ёсоор мэдээлээгүй боловч уг этгээд Теннеси муж улсын оршин суугч, 66 настай Ларри Рассел Доусон гэгч байсан гэж Америкийн телевизийн сувгууд мэдээлж байна. Тэрбээр урьд нь эрүүл бусаар Конгресст хандаж байжээ. Доусон 2015 оны 10 дугаар сард Төлөөлөгчдийн танхимд нэвтэрч, өөрийгөө “Бурхны зөнч” хэмээн мэдэгдэж байсан байна. Тухайн үед түүнийг хамгаалалтын ажилтнууд хөөн гаргажээ. Дараа нь тэрбээр цагдаагийн ажилтанд халдахыг оролдсон байна. Ерөнхийдөө тэрбээр Капитолиягийн бүсийн аюулгүй байдлыг хариуцдаг тусгай албанынхны хараанд орсон байжээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ