Хархорин сумын Спортын ордныг Хөдөлмөрийн баатар З.Ойдовын нэрэмжит болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-05-17 15:15:38

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Хархорин сум дахь Спортын ордныг тус сумын уугуул, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдовын нэрэмжит болголоо.

Монгол Улсын XX зууны манлай тамирчин, дэлхийн хошой аварга З.Ойдов 1949 онд Хархорин суманд төрж, өссөн юм. Тэрбээр 1965 оноос чөлөөт бөхөөр хичээллэсэн бөгөөд 1971 онд Спортын мастер, 1974 онд Спортын гавьяат тамирчин, 1975 онд Сүхбаатарын одон, 1994 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, 1999 онд Монгол Улсын зууны манлай тамирчин хэмээх алдар цолыг тус тус авчээ.

Хархорин сумын Спортын ордныг 2016 онд анх байгуулж, биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийг хүн амын амьдралын хэв маяг, эрүүл аж төрөх ёсны салшгүй хэсэг болгоход үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Тус ордонд  2018-2019 оны байдлаар сум, аймаг, бүс, улсын чанартай уралдаан, тэмцээнийг 10 мянга гаруй хүн хамруулан 44 удаа зохион байгуулжээ. Мөн дугуйлан, клубуудыг ажиллуулж, 100 гаруй иргэн идэвхтэй хичээллэж байгаа юм.

 

Холбоотой мэдээ