Өвөрхангай аймагт өнгөрсөн жил 561 хос гэрлэлтээ бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-05-15 17:47:57

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр Олон улсын гэр бүлийн баярын өдөр. Аймгийн Гэр бүл, хүний хөгжлийн төв буюу Гэрлэх ёслолын ордон, Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс “Аз жаргалтай гэр бүл” хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Гэргий Ч.Пүрэвсүрэнтэйгээ 60 жил хамт амьдарч буй өндөр настан Ч.Волоож, гэргий Ё.Нинатай 52 жил амьдарч буй өндөр настан Ц.Чинбат, гэргий Н.Буянтогтохтой 32 жил гал голомтоо бадрааж буй Б.Сайнбилэг нарын ахмад буурлууд гэр бүлийн батламжаа гардан авсан юм. Мөн аймгийн Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойг тохиолдуулан тус байгууллагын залуу гэр бүлүүд тангараг өргөж, үнэнч амьдралын баталгааг үзэглэлээ.

Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж тус үйл ажиллагааны нээлтэд оролцож, “Гэр бүл бол хүний хөгжлийн анхдагч орчин, нийгмийн үндсэн нэгж юм. Гэр бүлийн төлөвшил, хүмүүжлээс улс орны хөгжил, дэвшил хамаарч байдаг. Өрх гэрийн хос багана болсон гэр бүл, хосуудын маань хайр сэтгэл ямагт халуун байж, үр хүүхдээ элэг бүтэн өсгөн хүмүүжүүлж, аймаг, орон нутгийнхаа хөгжилд гэрэл гэгээ нэмж, инээд хөөр, баяр баяслаар халгиж амьдрахын өлзийтэй ерөөлийг өргөе” гэсэн юм.

Мөн аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн С.Ундрах “Өрх гэр бүхэн аз жаргалтай, тэгш дүүрэн, заяа нь өөдрөг байхын ерөөлийг өргөн дэвшүүлье” гээд оролцогч гэр бүлүүдэд дурсгалын зүйл гардууллаа.

Дашрамд дурдахад Өвөрхангай аймагт 34.6 мянган гэр бүл байдаг бөгөөд өнгөрсөн жил 561 хос гэрлэлтээ бүртгүүлж,78 хос гэр бүлээ цуцлуулсан байна.

Холбоотой мэдээ