Үхрийн махны үнэ 12 мянган төгрөгт хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-05-15 14:27:31

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт махны үнэ өндөр, олдоц багатай байна. Тодруулбал, "Дэлгэрэх" хүнсний захын махны төвлөрсөн тасагт нэг килограмм хонины мах 10000 төгрөг, ямааны мах 8000 төгрөгийн үнэтэй байна. Тус тасагт 20 шахам худалдаачин ажилладаг бөгөөд өнөөдрийн байдлаар лангуу ихэнх нь махгүй, цөөн хэдэн лангуунд бага хэмжээний мах зарагдаж байлаа.

Худалдаачдын яриагаар "Намраас эхлэн хятадууд хөдөөгүүр явж мал, мах их хэмжээгээр авсан. Тэр үеэс үнийг өсгөсөөр энэ хүрсэн, одоо нийлүүлэлт ч хомс болоод байгаа" гэв. Цаашид махны үнэ хэрхэх бол гэсэн асуултад "Малчдын гар дээрээс цөөн тоогоор мах орж ирэхээр бидэнд өндөр үнээр нийлүүлж байгаа учир багахан хэмжээний ашгаа нэмээд л зарна. Үнэ ханш махны олдоц, малчдын хэлэх үнийн дүнтэй шууд холбоотой" гэсэн юм.

"Дэлгэрэх" захад үхрийн цул мах нэг кг нь 12000 төгрөг, тэмээний мах 9500 төгрөг, дайвар бүтээгдэхүүн худалдаанд байхгүй байна. 

"Тойргийн зах" гэж нэрлэгддэг малчдын шууд худалдааны газарт амьд хонь 200 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.

Нэмж дуулгахад, Баянхонгор аймагт нөөцийн махны худалдаа Махмарт төвд өнгөрсөн сард эхэлсэн бөгөөд ямааны гулууз нэг кг нь 5500 төгрөг, хониных 6500 төгрөгийн үнэтэй байсан. Тэгвэл хонины махны нөөц дууссан, ямааны мах нэг кг нь 6500 төгрөгөөр зарагдаж байна.

Холбоотой мэдээ