Аймгийн МСҮТ Политехникийн коллеж болж өргөжлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-05-09 16:10:04

Өвөрхангай /МОНЦАМЭ/. НХХЯ-ны харъяа Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв /МСҮТ/ нь Политехникийн коллеж болж өргөжлөө.

МСҮТ нь 2.5 жилийн хугацаатай боловсрол олгодог бол Политехникийн коллеж болсноор 1.5 жил нэмж суралцан мэргэжлийн дипломтой төгсөх юм. Ингэснээр өөрийн сонгосон мэргэжлээр үргэлжлүүлэн дээд бакалаврын түвшинд суралцах боломж бүрэн нээгдэж байгаа аж. Тус сургуулиас Политехникийн коллеж болсонтой холбогдуулан “Элсэлт, сургалт, төгсөлт, ажлын байр” аймгийн зөвлөгөөнийг зохион байгуулж, 19 сумын Засаг дарга, 29 ерөнхий боловсролын сургуулийн захирал, 9 дүгээр ангийн сурагчид болон төгсөгчид, ажил олгогчдын төлөөлөл 100 орчим хүнийг оролцуулан уулзалт, хэлэлцүүлгийг хийлээ.

Тус арга хэмжээний үеэр аймгийн Засаг дарга Г.Ганболд хэлэхдээ “Зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлээр өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх бидний зорилт бодитоор хэрэгжих боломж нэмэгдэж байна. Өнөөдөр манай аймагт их, дээд сургууль төгссөн ажилгүй иргэд олон байна. Гэвч тэдний дунд зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлээр төгссөн хүн ховор байдаг. Тиймээс төр засгийн зүгээс мэргэжилтэн бэлтгэх тал дээр үндэслэлтэй, баримттай мэдээллийг хүргэх, энэ чиглэлд анхаарал хандуулж ажиллах шаардлагатай байна” гэв.

Зөвлөгөөний үеэр тус сургуулийг төгсөгчдийн судалгааг сумдын Засаг дарга нарт гардуулан өгч, хамтран ажиллах гэрээ байгуулав.  Мөн сургалтын тоног төхөөрөмж, багш, суралцагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргаж, сургуулиа сурталчиллаа.

Холбоотой мэдээ