Ахмадын асуудлаар дэвшилтэт туршлагуудыг судлаад иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2016-03-23 14:49:00

Япон улсын Фукуока хотод Ази Номхон далайн идэвхтэй наслалтын концерциум /АСАР/-ын Олон улсын 10 дугаар хуралдаан болж 20 гаруй орны 300 гаруй төлөөлөгч оролцжээ. Монгол Улсын 8 аймаг, Улаанбаатар хотоос нийт 12 төлөөлөгч оролцсоны дотор Хэнтий аймгийн Монголын ахмадын Чөлөөт холбоо /МАЧХ/-ны тэргүүн Ж.Уртнасан оролцов.

Энэ үеэр Ази номхон далайн идэвхтэй наслалтын тэргүүн, Япон улсын Нийгмийн хамгааллын сайд болон олон улсын эрдэмтэн докторууд оролцож хэлэлцүүлэг өрнүүллээ.
Мөн XXI зуунд дэлхий даяар насжилтын үйл явц хурдсаж улс орнуудын зүгээс анхаарлаа хандуулах шаардлагын улмаас насжилтын талаар хэлэлцэж, Япон улсын сайн туршлагыг сурталчлах, эрүүл дундаж наслалтыг нэмэгдүүлэх, настай хүн амд зориулсан мэдээлэл технологийн бүтээх, урт хугацааны асаргаа сувилгааны тухай асуудлуудыг хэлэлцэж дэлхий дахинд хандсан “Тунхаглал” гаргажээ.
Тунхаглалд ахмад настанд хандах нийгмийн бүлгүүдийн хоорондын харилцаа холбоог сайжруулах, ахмадын асуудлыг урьдчилан харж төлөвлөх, зохистой санхүүжилтыг бий болгох, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ахмадад ээлтэй хотуудыг олшруулах, ганцаардлыг арилгах, асрагч бэлтгэх сургалтын тухай заалтууд оржээ.
Монголоос оролцсон төлөөлөгчид тунхаглалд гарын үсэг зурж, АСАР-ын гишүүн орноор бүртгүүлж өмнөх 9 удаагийн хуралд оролцож байгаагүй манай орны хувьд ихээхэн амжилт болжээ. Цаашид Монгол Улсад бусад улс, хотуудын сайн туршлагуудыг нэвтрүүлэх нь зүйтэй байгаа талара хуралдаанд оролцсоны хувьд үзэж байгаагаа Ж.Уртнасан гуай ярьж байлаа.

Ахмадын талаар улс хотууд өөр өөрийн гэсэн туршлагатай байдаг ажээ. Солонгосын туршлага гэхэд төсвөөс гадна олон нийтийн байгууллага, хувь хүний оролцсон халамж, сайн дурын даатгал бий болгож, хүн амаа 5 бүлэгт хуваан зэрэглэлээр нь халамжийн үйлчилгээг санал болгодог байна. 
Харин Японы туршлага болохоор тэтгэврийн дараах амьдралыг дэмжих хөтөлбөр гаргасан, ахмадуудтай чөлөөтэй харилцаа холбоо тогтоох, ажил хийх бололцоогоор хангах, эрүүл мэндийн үйлчилгээ, нийтийн тээвэр, орон сууцаар хангахад анхаардаг байна.
Хятадад мэдээлэл солилцох технологи бий болгох, асаргаа үйлчилгээний байгууллага бий болгох, Сингапурт нийгмийн бүлгүүдийн хоорондын холбоог сайжруулах судалгаа хийж харилцан суралцах, зааж зөвлөх, туслах ажлуудыг хийж байгаа бөгөөд ахмадууд цугларч санаа бодлоо хуваалцдаг газартай болж, тоглоомын талбайг ахмадууд, хүүхдүүд хамтарч ашигладаг, гэр бүлүүд болон гэр бүл дотроо хамтарч хоол хийх, хамтдаа аялах зэргээр  зохион байгуулж байна. Индонез нялхсын төвийг ахмадын төв болгон ашиглаж байгаа гэх мэтээр улс, хот бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц туршлагатай ажээ. 

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ