"Хүмүүн бичиг" сониныг захиалан уншихыг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-04-11 22:15:03

Завхан/МОНЦАМЭ/. Хэлний бодлогын Завхан аймаг дахь орон тооны бус салбар зөвлөлөөс 2019 онд  "Эх хэлний өдөр"-ийн хүрээнд албан байгууллагууд ажилтан албан хаагчдынхаа найруулан бичих, зөв бичих зүйн ур чадварыг дээшлүүлэх үйл ажиллагааг эрчимтэй явуулахыг үүрэг болголоо.

Хэлний бодлогын орон тооны бус салбар зөвлөл нь аймаг орон нутгийн түвшинд иргэдийн монгол хэл, үндэсний бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах хөгжүүлэх, монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, төрөөс эх хэл, бичиг соёлын талаар баримталж буй бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, удирдлага арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг удирдан чиглүүлж, түгээн дэлгэрүүлэх, мэдээлэн сурталчлах ажлыг зохион байгуулж байна.

Түүнчлэн 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө дөрвөн зорилтын хүрээнд 12 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан тухайгаа хэвлэлийнхэнд мэдээлэв. Мөн Завхан аймгийн Засаг дарга долоо хоног бүрийн лхагва гарагийг "Эх хэлний өдөр" болгон захирамжилж, төрийн байгууллагуудын “Эх хэлний өдөр”-ийг зохион байгуулах удирдамжийг баталж мөрдөн ажиллаж байна.

Эх хэлний өдөр"-ийн хүрээнд албан байгууллагууд ажилтан албан хаагчдынхаа найруулан бичих, зөв бичих, зүйн ур чадварыг дээшлүүлэх, үндэсний хэл, бичгийн сургалтад хамруулах, байгууллагаараа “Хүмүүн бичиг” сониныг захиалан уншихыг үүрэг болгожээ. Түүнчлэн үндэсний бичиг сайн эзэмшигч иргэний үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх, ард иргэдийн гар дээр буй үндэсний бичгээр бичсэн судар номыг сурвалжлан цуглуулах, үзэсгэлэн гаргах, хаягжилт, үзүүлэн самбар, нэрийн хуудас, танилцуулга, өргөмжлөл дурсамж, мэндчилгээ, урилга, талархал зэргийг хос бичгээр бичих зэрэг үйл ажиллагааг явуулах юм байна.

Мөн Завханы 24 сумын Засаг дарга нар сумандаа Хэлний бодлогын орон тооны бус салбар зөвлөлийн 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулж, хэрэгжилтийг ханган ажиллах, төр, хувийн хэвшлийн хаягжилтыг эрчимжүүлэн ажиллах шаардлагатайг тус зөвлөлөөс мэдээлэв. 

Холбоотой мэдээ