ОХУ-аас хил нэвтэрсэн түймрийг унтраахаар ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-05 19:31:11
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-аас хил давж орж ирсэн түймрийг унтраахаар онцгой байдлын алба хаагчид Хэнтий аймгийн Батширээт, Дорнод аймгийн Баян-Уул суманд ажиллаж байгаа тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Хэнтий аймгийн Батширээт сумын Барх багийн “Цэгээний тал” гэдэг газарт хил давж орж ирсэн түймрийн дуудлага энэ сарын 3-нд иржээ. Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 71 иргэн, нийт 83 хүн, 21 техниктэй, өчигдрийн байдлаар түймрийг цурманд оруулан ажиллаж байна. 


Мөн Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Ульхан” гэдэг газар Монгол улсын хилийн "836-837" дугаар тэмдэгтийн чиглэлээр өчигдөр өдрийн 16:35 цагт ОХУ-аас хээрийн түймэр хил даван орж ирсэн тухай дуудлага мөн иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Хилийн 0275 дугаар ангийн 10 алба хаагч, хилийн 0287 дугаар ангийн 19 алба хаагч, Хэнтий аймгийн Дадал сумын Онон Балжийн тусгай хамгаалалттай газрын 7 ажилтан, орон нутгийн 22 иргэн, нийт 82 хүн, 8 автомашин, техник хэрэгсэлтэйгээр түймэр унтраахаар ажиллаж байна.

Холбоотой мэдээ