Украинд ерөнхийлөгчийн сонгууль болж байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-31 10:34:57

КИЕВ. /РИА Новости/. Украины Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль өнөөдөр болж байгаа бөгөөд сонгуульд төрийн тэргүүний албан тушаалын төлөө 39 нэр дэвшигч өрсөлдөж байна. Социологчидын үзэж байгаагаар, Украины ерөнхийлөгч хоёр дахь шатны сонгуулиар тодорч магадгүй байна.


Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн чансааг шоумен Владимир Зеленский тэргүүлсэн юм. Сонгуулийн өмнөх 7 хоногт түүний чансаа 30 хувийг давсан. Харин одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенког иргэдийн 17 орчим хувь нь дэмжихэд бэлэн байсан бол "Батькивщина" намын тэргүүн Юлия Тимошенког 12.5 хувь нь дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна. Мөн “Амьдралын төлөөх сөрөг хүчний тавцан” намын тэргүүн Юрий Бойкогийн чансаа 10 орчим хувь байжээ.


Сонгуульд Оросын ажиглагчид анх удаа ирэхгүй аж. Түүнчлэн Украины эрх баригчид ОХУ дахь сонгуулийн бүх хэсгээ хаасан учир тус улсад оршин суугаа Украинчууд энэ онд ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй юм байна. ОХУ дахь сонгуулийн бүх хэсгийг хааж, түүнчлэн Донбасст сонгууль явуулахаас татгалзсанаар Украины 7-10 сая иргэн саналаа өгөх боломжгүй аж. Украины ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн 4 дүгээр сарын 1-нд тодорхой болж магадгүй байна. 

Холбоотой мэдээ