"Эко алтан Заамар"-ын уурхайн ослын шалтгааныг мэргэжлийн хяналт эцэслэн дүгнэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-11 15:33:53
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Эко алтан заамар" ХХК-ийн ил уурхайд гарсан ослын шалтгааныг Мэргэжлийн хяналтын байгууллага эцэслэн дүгнэхээр ажиллаж байгааг ОБЕГ- ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр өнөөдөр мэдээллээ.

Тэрбээр, "Нуранги үүссэн нь газар хөдлөлттэй шууд холбоотой гэж хэлж болохгүй бөгөөд мэргэжлийн байгууллага шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Аврах ажиллагаанд онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаа, эмнэлэг зэрэг байгууллагын нийт 250 орчим алба хаагч ажиллалаа. Онцгой байдлын байгууллагаас 36 алба хаагч ес хоногийн турш тасралтгүй ажилласан бөгөөд аврах ажиллагааны бүх зардлыг "Эко алтан заамар" ХХК-иас гаргасан юм. Бид аврах ажиллагаанд оролцсон алба хаагчдаа сэтгэл зүй, бие бялдрын үзлэгт хамруулна. Налайхын бичил уурхайн ослын дуудлага байнга ирдэг ч энэ удаа маш том осол дээр аврах ажиллагааг гүйцэтгэлээ" хэмээв.


Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах бригадын хамтарсан баг ослын голомтод өнгөрсөн сарын 28-наас энэ сарын 9-н хүртэл ажиллаж, осолдсон дөрвөн иргэнийг цогцсыг нурангиас гаргасан талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тус уурхайгаас 24 км-ийн цаана газар хөдөлсөн нь осол гарах шалтгаан болсон байж болзошгүй талаар хэвлэлээр мэдээлж байв. 



Холбоотой мэдээ