Нарендра Моди БНСУ-д айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-02-21 18:10:35
Yesukheitumur Tumurbaatar

СӨҮЛ. /Yonhap/. Бүгд Найрамдах Энэтхэг Улстай явуулж буй хамтын ажиллагааг өргөжүүлэх арга хэмжээ авахыг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин уриалаад, хоёр улсын хамтын ажиллагаа харилцан ашигтай байх болно гэж мэдэгджээ. Энэ тухай Хөх ордноос гаргасан мэдээлэлд дурдав.


БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгдэлдээ, “Энэтхэг улс нь мэдээлэл технологийн салбартаа тэргүүлэх мэргэжилтнүүдийн төв бөгөөд шинжлэх ухаан, технологи болоод бизнесийн шинэлэг эко системийг бий болгосон. Харин манай улс мэдээлэл, харилцаа холбооны технологи болон үйлдвэрлэл, арилжааны чадавхыг хөгжүүлсэн орон юм” гэж дурдаад, “хэрэв манай үндэстнүүд хоорондоо эв найрсгаар, бат бөх нэгдэж чадвал аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг хамтдаа тэргүүлж, чиглүүлж чадна” хэмээн бичжээ. 


Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өнөөдөр буюу пүрэв гарагт БНСУ-д төрийн айлчлал хийхээр төлөвлөсөн байна. Баасан гарагт Мүн Жэ Ин болон Нарендра Моди нарын энэ оны анхны дээд хэмжээний уулзалт болох аж.


Мөн тэрбээр, "ирэх сарын нэгний өдөр Японы колончлолын дэглэмийн эсрэг Тусгаар тогтнолын хөдөлгөөнийг зохион байгуулсны 100 жилийг ойг БНСУ тэмдэглэх бол БНЭУ-ын удирдагч агсан Махатма Гандигийн мэндэлсний 150 жилийн ойг тус улс тэмдэглэнэ" гэдгийг онцлон дурдаад, Ерөнхий сайд Нарендра Моди нь энэ онд БНСУ-д төрийн айлчлал хийж байгаа анхны зочин болж байгаагаараа түүний айлчлал чухал ач холбогдолтой юм гэж мэдэгджээ.


Өнгөрсөн онд хоёр улсын худалдааны эргэлт 21.5 тэрбум ам.долларт хүрч өссөн бөгөөд 2030 он гэхэд 50 тэрбум ам.долларт хүргэхээр тохиролцжээ.

Холбоотой мэдээ