Улсын төсвөөр 21 аймаг түргэн тусламжийн машинтай болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 21 аймгийн эрүүл мэндийн газарт түргэн тусламжийн автомашин өнөөдөр гардууллаа.
Хүн амын эрүүл мэндийн төлөө, ялангуяа алслагдсан орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд эдгээр машиныг хүлээлгэн өгч буй юм.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ, “Яаралтай тусламжийг хэдий чинээ
богино хугацаанд үзүүлж чадна, төдий хэмжээнд эрсдэлийг бууруулдаг учраас
түргэн тусламжийн автомашин хамгийн чухал үүрэгтэй. Орон нутгийн эмнэлгийн
тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор хэнийг ч орхигдуулахгүй байх гэсэн
ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу ажиллаж, нэн шаардлагатай байсан түргэн тусламжийн
автомашиныг олгож байна” гэв.
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын жолооч Ө.Наранбаатар:
Өргөн уудам газар нутгийн 80 хувийг хамарч, 10 мянга гаруй хүн амд хүрч, 300
км-ийн радиуст дуудлагад явдаг тул түргэний машин нэн шаардлагатай байлаа. Жилд
бид дунджаар 1000 орчим дуудлагад явдаг. Манай нөхцөлд хэвтрийн хүн зөөх,
осолд орсон хүнийг зөөх, даваа гүвээ давахад туулах чадвартай сайтай машин
хамгийн тохиромжтой байдаг.
Увс аймгийн Эрүүл мэндийн газрын жолооч С.Мягмарсүрэн: Би байгууллагадаа 33 дахь жилдээ жолоочоор
ажиллаж байна. Хөдөө орон нутагт уул, хад асгатай маш их бартаатай замаар явдаг учраас туулах чадвар сайтай
машин л хэрэгтэй байдаг. Машиндаа сэлбэг хийж, засаж янзалж явсаар 9 жилийн
дараа шинэ машинтай болж байгаадаа баяртай байна.