Баян-Өлгийн Онцгой байдлын газар албаны музейтэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-01-22 22:22:59

            Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын алба хаагчид өөрсдийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан албаны нэг өрөөг засварлан тохижуулж музей байгуулжээ.

            Тус музей нь онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, ахмад болон залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэх, иргэдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсролыг олгох зорилготой бөгөөд энэ сарын 19-ний өдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал тус аймагт ажиллах үеэр нээлтээ хийсэн байна.

            Музейд Онцгой байдлын газрын түүхэн замнал, танилцуулга, байгууллагын үе, үеийн удирдлагуудын тухай мэдээлэл, алба хаагчдын эдэлж, хэрэглэж байсан хувцас, хэрэглэл, аймгийн хэмжээнд гарсан гамшиг ослыг харуулсан гэрэл зургууд, аврах ажиллагаанд ашиглагдаж байсан багаж хэрэгсэл зэрэг нийтдээ 100 гаруй нэр төрлийн үзмэр тавигджээ. Түүнчлэн аймаг, орон нутгийн түүхэн онцлог, байгалийн үзэсгэлэн, ёс заншлыг харуулсан түүх, соёлын дурсгалуудаас гадна тус газрын алба хаагчдын өөрсдийн гараар урласан бүтээлийн дээж, цуглуулга, гаргасан амжилтуудтай ч эндээс танилцах боломжтой.

            Албаны хүний тайлбарласнаар, цаашид уг музейд тайлбарлагч томилон ажиллуулж, ард иргэд, сургуулийн сурагчид, гадаад, дотоодын зочид төлөөлөгчдөд тодорхой хуваарийн дагуу сонирхуулах боломж олгох ажээ.  

Холбоотой мэдээ