Гахайн мялзан өвчинөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2019-01-19 14:14:06

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Төв, Булган, Орхон, Дундговь аймагт гахайн африк мялзан өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулж  Говьсүмбэр аймгийн Онцгой Комиссын мэргэжлийн байгууллагуудын бүрэлдэхүүн нэгдүгээр сарын 17-нд хуралдаж зарим асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

Гахайн африк мялзан өвчинөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд тодорхой мэдээлэл хүргэх зорилгоор эрчимсэн мал аж ахуйн бүс болон хогийн цэг орчмын айлуудын хашаалаагүй үлдсэн гахай байгаа эсэхэд тандалт судалгаа хийх, нисдэг камер буюу дрон нисгэж зураг авах, гахайн эзэдтэй уулзах, боломжгүй бол утсаар холбогдож гахайн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн тохиолдолд устгах, шаардлагатай заавар зөвлөмж тараахаар болжээ.

Тус аймгийн хэмжээнд албан ёсны судалгаагаар Сүмбэр суманд 15 байрлалд 218 амьд гахай, Шивээговь суманд гурван байрлалд 43 гахай нийт аймгийн хэмжээнд 261 гахай байгаа гэсэн мэдээ  буй.

Мялзан өвчинөөр өвчилсөн гахай халуурч, турж эцээд, амьсгал нь түргэсч, үнхэлцэг нь үрэвсэхээс гадна арьс нь үхэх  зэрэг шинж тэмдэг илэрдэг аж. Дээрх өвчинөөс урьдчилан сэргийлэх вакцин байдаггүй аж.

Холбоотой мэдээ