Австралид 2020 оноос автомат жолоодлоготой тээврийн хэрэгслүүд зорчиж эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2019-01-08 11:04:52

КАНБЕРРА. /ABC/. Австралид 2020 он гэхэд гурав болон дөрөвдүгээр түвшний автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг үйлдвэрлэгчдийн тоо 5 байх бол 2022 он гэхэд 14 болж өсөх төлөвтэй байна гэж тус улсын Үндэсний тээврийн хорооноос мэдээлэв. Уг мэдэгдэлд автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийн тоо хурдацтай нэмэгдэхэд бэлтгэлтэй байхыг хууль тогтоогчдод сануулсан байна.


2020 онд автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийн тоо 740 мянгаас 1.7 саяд хүрэх төлөвтэй байгаа бол 2030 он гэхэд энэ тоо 9.5 саяд хүрэх ажээ. Австралийн Ерөнхий сайдын орлогч Майкл Маккормакийн хэлснээр, Засгийн газар аж үйлдвэрийн баг бүрэлдэхүүнтэй хамтран автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхэд бэлтгэж байгаа аж.


“Шинэ технологийн тээврийн хэрэгслүүд нь хот болон бүс нутгийн иргэдийн аюулгүй, бүтээмжтэй, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж, амьдрах нөхцөлийг сайжруулна хэмээн найдаж байна” гэж М.Маккормак хэлжээ.


Гуравдугаар түвшний тээврийн хэрэгслүүд нь автомат жолоодлоготой боловч жолооч байнга хянаж байх шаардлагатай бол дөрөвдүгээр түвшний автомашинууд нь жолоочийн сонголтын дагуу автоматаар жолоодох тохиргоо ажиллах ажээ.


Харин тавдугаар түвшний тээврийн хэрэгслүүдийн хувьд бүрэн автомат байх юм байна. Дөрөв болон тавдугаар түвшний систем бүхий цөөн тооны тээврийн хэрэгслийг 2030 он гэхэд танилцуулна гэж Үндэсний тээврийн хорооноос мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ