Нүүрсний уурхайн малталт суурин газрын доогуур оржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-03 18:01:05
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнийн хөгжил” ХХК-ийн нүүрсний далд уурхайн үйл ажиллагаанд өнөөдөр НМХГ-ын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч О.Оюундэлгэрээр ахлуулсан ажлын хэсэг хяналт шалгалт хийв.

Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшиж далд аргаар нүүрс олборлох үйл ажиллагаа явуулдаг тус компанийн уурхай нь хороо, суурин газрын доогуур орсноос цөмрөлт үүсэх аюул учирсан гэх иргэдийн мэдээллийн дагуу өнгөрөгч 12 дугаар сарын 28-ны өдөр үйл ажиллагааг нь зогсоогоод байсан юм. Шалгалтаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүрэгт заасан зарим баримт бичиг байхгүй, газрын доорх малталт тусгай зөвшөөрөлтэй талбайгаас гарч бусдын газарт нэвтэрч Ашигт малтмалын тухай хуулийн заалтууд зөрчсөн, олборлолтын мөргөцөг нь төмөр замын аюулгүй бүсэд ойр зэрэг зөрчил, дутагдал илэрчээ.



Иймд НМХГ-аас зөрчил, дутагдалд хэрэг үүсгэн уурхайн эрх бүхий холбогдох албан тушаалтнаас мэдэгдэл тайлбар авч, зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллана гэв.

Холбоотой мэдээ