Австралид цамхагийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-12-25 13:34:22

КАНБЕРРА. /ABC/. Даваа гарагт Австралийн Сидней хотын Олимпын цогцолборт энэ оны эхээр ашиглалтад орсон 38 давхар “Опаль” цамхагт нурах чимээ сонсогдсоны улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ.


Цагдаа болон аврах албаны ажилтнууд 10 дугаар давхарт нурах чимээ сонсогдсон гэх мэдээлэлд үндэслэн цамхагт гарсан эвдрэлийг олж тогтоосон байна.


Австралийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, барилга 1-2 миллиметрээр хөдөлсөн байжээ. Барилгын ойр орчмын нэг километр радиус дахь бүх хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд нийт 3000 орчим хүн байсан байна.


Мэргэжилтнүүд барилгад хяналт шалгалт хийсний дараа нурах эрсдэлгүй хэмээн даваа гарагт дүгнэсэн боловч оршин суугчдыг гэртээ орохыг хараахан зөвшөөрөөгүй байсан юм. Харин орон нутгийн цагаар мягмар гарагийн 12:30 цагт барилгыг аюулгүй хэмээн олон нийтэд зарлаж, иргэдийг барилга руу нэвтрэхийг зөвшөөрчээ.


Гэсэн хэдий ч нийт оршин суугчдын гуравны нэг нь цамхгийг ямар нэгэн байдлаар аюултай хэмээн үзэж, бүх зүйл тодорхой болтол зул сарын баяраа өөр газруудад өнгөрүүлж байгаа юм байна. 

Холбоотой мэдээ